Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-13 11:33:57

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 13 /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Вашингтон хотноо баасан гарагт хэлэлцээ хийжээ.


Талууд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиогийн ирэх гуравдугаар сард АНУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалаас өмнө нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.


Э.Блинкен Японы төв нутагт болсон хүчтэй газар хөдлөлт, Токиогийн Ханэда нисэх онгоцны буудалд болсон осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр мөн АНУ-ын Засгийн газрын зүгээс аливаа тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг уламжилжээ.


К.Йоко хэлсэн үгэндээ, дэлхий нийт “эргэлтийн цэг дээр ирээд байгааг онцлоод, Япон-АНУ-ын эвсэл урьд хожид байгаагүй чухал ач холбогдолтой болоод байгааг хэллээ. Талууд Хятад, Умард Солонгостой холбоотой сорилтуудыг хамтран шийдвэрлэхээр тохиролцож, Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь чухал болохыг нотолжээ.


К.Йоко, Э.Блинкен нар мөн Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа мэдэгдсэн байна. Мөн Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн дэлхийн бусад хэсэгт тэлэн өргөжихөөс сэргийлэх чиглэлд хүчин чармайлт тавихаар тохиролцжээ. 

Холбоотой мэдээ