Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийг зөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-26 17:38:41

Монгол банкны Хяналтын зөвлөлийн өнөөдрийн хурлаар БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, цэвэр нөөцийг сэргээх зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.

Хурлын эхэнд  Монголбанкны санхүүгийн зах зээлийн явц, эрсдлийн байдалтай танилцсан дүнг Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Үнэнбат танилцуулсан юм.

Монголбанкны судалгаа, статистикийн газрын статистик судалгааны газрын захирал Д.Ган-Очир сонсгол тавьж, Хяналтын зөвлөлийн гишүүн Д.Нямаа Монголбанкны авлага барагдуулах ажлын 2016 оны эхний хагас жил хүртэлх тайланг танилцуулав. 

Хурлаар Хяналтын зөвлөлийн гишүүд валютын нөөцийг олон улсын тоон мэдээлэл түгээх тусгай стандартын дагуу мэдээлж ажиллах журамд шилжих, эдийн засагт сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлийн болзошгүй үр дагаврыг урьдчилан  тооцож, бууруулах талаар санал зөвлөмж дэвшүүлсэн судалгаа,  болзошгүй эрсдлийн сан байгуулсан авлагуудыг нарийвчлан судлах талаар  зөвлөв. 

Түүнчлэн Хяналтын зөвлөлийнхэн судалгаа, найдваргүй гэдгийг тогтоосон авлагыг зохих шийдвэрийн дагуу дансаас хасах арга хэмжээ авах, авлагын бүртгэл хяналт, авлага барагдуулах ажлын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, холбогдох хууль, эрх зүйн бусад актын хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөжээ.

Б.Заяа 
 

Холбоотой мэдээ