“Чингис хаан”-ы музейд Эрдэм шинжилгээний номын сан нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-29 17:04:22

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн өдөр “Чингис хаан” үндэсний музейд тус музейн Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт боллоо.


Номын сан найман хүн сууж үйлчлүүлэх уншлагын танхим, номын фонд, хоёр номын санчтайгаар үйл ажиллагаа эхэлж байна. Номын сангийн сан хөмрөг нь Монгол Улсын болон гадаадын түүх, археологи, угсаатан, монгол судлал, хэл шинжлэл, соёл, музейн судлалын төрөлжсөн, гадаад дотоодын 6000 мянга гаруй судалгаа, эрдэм шинжилгээний ховор бүтээл, ном, сэтгүүлээс бүрджээ. Тиймээс номын сан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулагджээ. 



"Чингис хаан" үндэсний музейн номын сангийн сан хөмрөг 6000 мянга гаруй ховор бүтээлээс бүрджээ



Мөн нийт 15 мянган цаасан болон тусгай суурьтай ном, сэтгүүл, судалгааны бүтээл хадгалах орчин үеийн тоног төхөөрөмж, нягтруулсан шүүгээгээр хангагджээ. Номын фонд нь цахим каталогитой, олон улсын стандартын хайлтын “МонКоха” системтэй холбогдсоныг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун танилцууллаа. Улмаар 5200 гаруй судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний мэдээллийг хайлтын системд оруулжээ.


“Чингис хаан” үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын сангийн нээлтэд улс төр, соёл, урлагийн төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр, “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч, уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Андрью Вилсон нар номын сангийн бүтээлийг баяжуулахад хувь нэмэр оруулсан хүндэт зочдод талархал илэрхийлж өргөмжлөл гардуулав. 




Холбоотой мэдээ