Бензодиазепины төрлийн тайвшруулах эм үр зулбах эрсдэлийг ихэсгэдэг болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-28 16:27:25

МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /TASS/. Жирэмсэн эмэгтэйчүүд бензодиазепины төрлийн янз бүрийн тайвшруулах эм хэрэглэх нь үр зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Хятадын эмч нар тогтоожээ.


Эрдэмтдийн хийсэн судалгааны дүгнэлтийг шинжлэх ухааны JAMA Psychiatry сэтгүүлд лхагва гарагт нийтэлсэн байна. "Бидний шинжилгээгээр жирэмсэн эмэгтэйчүүд бензодиазепин хэрэглэвэл үр зулбах эрсдэл 69 хувиар нэмэгддэг болохыг харуулж байна. Энэ төрлийн зарим түгээмэл эм, ялангуяа флудиазепамыг хэрэглэвэл энэ эрсдлийг 2.52 дахин ихэсгэнэ" гэж судлаачид бичжээ.


Тайваний Үндэсний их сургуулийн профессор Шяо Фэй-Юаниар ахлуулсан эмч нарын баг 2004-2018 онд жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдлыг хянах явцад тус арлын эрүүл мэндийн байгууллагуудын цуглуулсан эмнэлгийн мэдээллийг судалж байхдаа ийм дүгнэлтэд хүрсэн байна. Эмч нар нийтдээ 3.05 сая эмэгтэйн жирэмсний хяналтын мэдээллийг судлахад 4.4 хувь нь үр зулбасан байжээ.


Жирэмсэн эмэгтэйчүүдэд сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал үүсэх үед ихэвчлэн бензодиапезины төрлийн эм бичиж өгдөг нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Үүний зэрэгцээ энэ төрлийн эмийн молекулууд нь ихэсээр дамжин урагт, мөн хөхүүл эхийн сүүнд нэвтрэх чадвартай болохыг амьтдад хийсэн туршилт харуулжээ. Энэ нь эхийн умай дахь хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. 


Эрдэмтэд эдгээрийг харгалзан үзсэний үндсэн дээр жирэмсэн үедээ эдгээр эмийг хэрэглэдэг болон хэрэглэдэггүй ойролцоо насны, мөн сэтгэл зүйн байдал нь ойролцоо хэдэн зуун мянган тайвань эмэгтэйн дунд үр зулбах тохиолдол хэр олон байсныг харьцуулан судалсан байна. Бензодиапезин хэрэглэдэг эмэгтэйчүүд ийм тайвшруулах эм хэрэглэдэггүй үе тэнгийнхнээсээ дунджаар 69 хувиар илүү үр зулбах магадлалтай болохыг судалгаа харуулжээ.


Үүнээс гадна бензодиазепины төрлийн зарим түгээмэл эм, тэр тусмаа флудиазепам нь энэ төрлийн бусад эмтэй харьцуулахад үр зулбах эрсдэлийг 2.52 дахин ихэсгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн тайвшруулах эмийг их хэмжээгээр хэрэглэх үед эрсдэлийг 61-86 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг байна. Энэ бүхнийг жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчлэгч эмч нар болон сэтгэл засалч нар анхаарах хэрэгтэй гэж профессор Шяо Фэй-Юань болон түүний багийн эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ