БАЯНХОНГОР: Сурагчид Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-22 15:28:26

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор аймгийн Нутгийн удирдлагын ордонтой танилцах аялалыг энэ намраас зохион байгуулж байна.


Энэ хүрээнд Төгс Алгоритм сургуулийн есдүгээр ангийн сурагчид Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг хариуцлага, нутгийн захиргааны байгууллагын үүрэг чиглэл, иргэд төрийн бодлого үйл ажиллагаанд хэрхэн оролцох, хяналт тавих, ИТХ-ын Төлөөлөгчид ямар үүрэгтэй байдаг талаар мэдлэгтэй боллоо. Сурагчдад Баянхонгор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сурагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, сурагчдыг аймгийн ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаа ЗДТГ, ХУРДАН төрийн үйлчилгээний цэг, Хууль тогтоомж сурталчлах төвтэй танилцуулсан байна.


Сурагчид дунд цаашид хууль эрх зүйн чиглэлээр суралцаж, төрийн албанд ажиллах сонирхолтой хүүхдүүд цөөнгүй байсан бөгөөд ажил мэргэжлийн чиг баримжаа авч, өөрийн сонгон эзэмших мэргэжлийн талаар ЗДТГ-ын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, ажлын байрыг үзэж сонирхон, үйл ажиллагаатай нь танилцаж, анхан шатны ойлголт мэдээлэл болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байв.


Аймгийн ИТХ-аас санаачилсан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад танин мэдэхүйн боловсрол олгох зорилготой Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг танилцуулах тус аяллыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулна.



Холбоотой мэдээ