Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-21 14:45:41

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн газраас арваннэгдүгээр сарын 22 гэхэд Монгол Улсын нийт хүн амын тоо 3.5 саяд хүрнэ хэмээн мэдээлж байсан билээ.


Энэ талаар ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын хэлтсийн статистикч Б.Энхжаргалаас тодруулахад “Монгол Улсын хүн ам 3.5 сая хүрэх тооцооллыг сүүлийн гурван жил буюу 2020-2022 оны төрөлт, нас баралт, ердийн хөдөлгөөний тоон мэдээлэлд үндэслэн хийсэн. Тооцооллоор сүүлийн гурван жилийн дунджаар долоон минут 16 секунд тутамд нэг хүүхэд төрж, 27 минут 46 секунд тутамд нэг хүн нас барж, манай улсын хүн ам есөн минут 55 секунд тутамд нэгээр нэмэгдэж байна.

Энэ хандлага нь 2023 онд ижил байна гэж таамаглал дэвшүүлэн тооцоолол хийхэд Монгол Улсын хүн ам арваннэгдүгээр сарын 22-ны өдөр 3.5 саяд хүрэхээр байсан. Харин одоо 3.5 сая давсан байгаа. Ердийн хөдөлгөөний өсөлтөөр тооцоолол хийх аргыг НҮБ болон АНУ-ын Тооллогын товчооноос гаргасан “Дэлхийн хүн амын цаг” тооцоход ашиглаж байна” гэв.


3.5 сая иргэнээс 1.6 сая нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа ажээ. 


Манай улс 1962 онд нэг сая хүн амтай байсан бол 1988 онд хоёр, 2015 онд гурван сая дахь иргэнээ өлгийдөж авч байсан юм. Тэгвэл 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван сая хүрэх төлөвтэй байгаа аж.


Өнгөрсөн оны жилийн эцэст Монголын хүн ам 3.4 сая гэж тоологдсон бөгөөд үүнээс 3.3 сая нь Монгол Улсад оршин сууж байна. Харин 100 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа гэсэн статистик гарчээ. 

Холбоотой мэдээ