НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-09 11:44:11

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 9 / Reuters/.  Хүмүүнлэгийн ёсны үүднээс Газын зурваст нэн даруй гал зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ баасан гарагт хориг тавилаа.


Арабын Нэгдсэн Эмират Улсын санаачилсан энэхүү тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлийн 13 гишүүн дэмжсэн бол Их Британи түдгэлзсэн байна. Хоёр сар үргэлжилж буй дайны улмаас дэлхий дахинд аюул заналхийлж байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш албан ёсоор анхааруулан мэдэгдсэний дараа уг санал хураалтыг явуулжээ.


Гал зогсоох нь зөвхөн ХАМАС-д ашигтай гэж АНУ болон Израил үзэж байна. Үүний сацуу Вашингтоны хувьд энгийн иргэдийг хамгаалахын тулд байлдааны ажиллагааг түр зогсоож, ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг суллахыг дэмжиж байгаа аж. НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вүүд хэлэхдээ "тогтоолын төслийг яаравчлан боловсруулсан, тэнцвэргүй, бодит байдлыг тусгаагүй” гэж шүүмжлээд "дараагийн дайны үрийг тарих гал зогсоох уриалга бүхий тогтоолын төслийг бид дэмжихгүй" гэсэн байна.


Израилд халдан довтолж 1200 хүний амийг хөнөөж, 240 хүнийг барьцаалсан 10 дугаар сарын 7-ны ХАМАС-ын халдлагыг буруушаасан заалтыг тогтоолын төсөлд оруулахыг АНУ санал болгожээ. НҮБ-д суугаа Их Британийн Байнгын төлөөлөгч Барбара Вүүдвард хэлэхдээ "уг тогтоолд ХАМАС-ыг буруушаагаагүй учраас манай улс түдгэлзсэн санал өглөө" гэжээ.


Эргэн сануулахад, үүний өмнө хүмүүнлэг ёсны үүднээс Газын зурвас дахь мөргөлдөөнийг түр зогсоохыг шаардсан Аюулгүйн Зөвлөлийн 10 дугаар сарын 18-ны тогтоолд Вашингтон хориг тавьсан юм.

Холбоотой мэдээ