Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн баярыг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-23 15:58:51

Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярын арга хэмжээ Увс аймагт энэ өглөө эхэллээ.

Улаангом хотын төв талбайд орших Ю.Цэдэнбал даргын хөшөөнд хол ойроос ирсэн зочид гийчид цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараагаар аймгийн хууль хүчний байгууллагын алба хаагчдын хүндэт жагсаал болж, “Ойрад” театрын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүллээ.

Бал даргын 100 жилийн ойд оролцохоор ОХУ-аас түүний хүү Ц.Зориг, охин Анастасиягийн хамтаар, төрсөн дүү Ю.Жавзан, ах дүү хамаатан саднууд нь Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн байв. Тэрчлэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат, Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Б.Ганбат, Зурхайч Л.Тэрбиш нарын алдар цуутай хүмүүс иржээ. Үүнээс гадна Улаанбаатар хот болон ОХУ-ын Тува улсаас хүндтэй зочид төлөөлөгчид олноор хүрэлцэн ирсэн байв.

Өчигдөр 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Улаангом хотноо болсон бол өнөөдөр 15 цагаас баярын хурал, 18 цагаас Ю.Цэдэнбал болон түүний гэргий Филатова нарын гэгээн дурсгалд зориулсан Орос-Монголын хүүхдүүдийн хамтарсан урлагийн тоглолт болно.

Харин маргааш түүний төрсөн нутаг болох Давст суманд баяр наадам үргэлжлэх аж. Энэ үеэр “Тун мэнд”-ийн өвөлжөөний болон Цагаан бураад босгосон гэрэлт хөшөөний нээлт болох юм байна. Мөн Давст сумын төв дахь хөшөөнд нь цэцэг өргөхөөс гадна хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолт, хүчит бөхийн барилдаан болох аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ