ТӨСӨВ-2024: Бодит орлогыг хамгаалж, орон нутгийн хөгжлийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-08 12:42:00

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын /МОНЦАМЭ/. 2024 онд Монгол Улсын ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн орлого 27.4 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 25.9 их наяд төгрөг байна. УИХ-аас 2024 оны Монгол Улсын төсвийг энэ хүрээнд батлаж, Засгийн газар төсвийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.

 

Монгол Улсын 2024 оны төсөвт хоёр онцлог байгааг албаны хүмүүс хэлж байна. Нэгдүгээрт, иргэдийн оролцоог хамгийн сайн хангасан, иргэн төвтэй төсөв болжээ. Учир нь Засгийн газраас төсвийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө бүхий л орон нутгаар явж иргэдийн саналыг авч тусгажээ. Хоёрдугаарт, орон нутгийн хөгжлийг дэмжсэн, хот хөдөөгийн ялгаатай байдлыг арилгахад чиглэсэн төсөв болсон байна.

 

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Ирэх оны улсын төсөв нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд иргэдийн бодит орлогыг хамгаалах, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжин тэнцвэрийг хадгалах, хөгжил дагасан бүтээн байгуулалтуудыг хийх замаар эдийн засгийн суурийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.



Монгол Улсын 2024 оны төсөв иргэдийн бодит орлогыг хамгаалж, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэжээ.

 

2024 онд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн түгжээг тайлахад чиглэсэн 6 багц арга хэмжээ бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилт бүхий төсөл, бүтээн байгуулалтуудыг хийхэд голлон анхаарна” хэмээн хэлэв.

Төсөв бол иргэд болон төр, засгийн хооронд байгуулсан гэрээ гэгддэг. Энэ утгаараа Монгол Улсын 2024 оны төсөв нээлттэй, ил тод байж, үр дүнд суурилсан, төсвийн боловсруулалт, биелэлт, хэрэгжилтийг мэргэжлийн байгууллагууд болон иргэний нийгэм, олон нийт хянаж, ингэснээр төсвийн зарцуулалт, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна.

 


Манай улсын хувьд уул уурхай, түүнийг дагасан тээвэр логистик, худалдааны салбарын өсөлт нэмэгдэж 2023 онд 6.5 хувь байсан эдийн засгийн өсөлт 2024 онд 7 хувьд хүрэх төлөвтэй байна. Ингэснээр экспортын орлого өсөж, төлбөрийн тэнцэл сайжирна. Мөн гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын ханш тогтворжих зэргээр макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлөхөөс гадна төсвийн орлого нэмэгдэнэ хэмээн 2024 оны төсвийн зорилгод тооцжээ

 

УИХ улсын төсвийн ирэх оны нийт орлогын хэмжээг 25.8 их наяд төгрөг, зарлагыг 27.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн тул төсвийн алдагдлын хэмжээ 1.5 их наяд төгрөг байх юм. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 2 хувьтай тэнцүү байх нь.

 


УИХ-ын баталснаар 2024 оны улсын төсвөөс нийт 3 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. 2024 онд улсын төсөв, төр-хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд дэд бүтцийн салбарт дийлэнх хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, аймгуудыг хатуу хучилттай авто замаар  бүрэн холбоно. Хилийн зарим боомтын чиглэлд авто зам тавихаар тооцсон.

Аймаг, орон нутагт дэд бүтцийн болон нийгмийн хамгааллын чиглэлийн цогц бодлогы хэрэгжүүлнэ хэмээн төсвийн зохицуулалтыг хийжээ. Тухайлбал, орон сууц барих ажлыг дэмжиж, энэ хүрээнд улсын хэмжээнд олгож буй ипотекийн зээлийн 60 хувийг орон нутагт хуваарилахаар тооцсон байна.

Мөн цалингийн нэмэгдлийг дунджаар 10 хувьтай байхаар тооцжээ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг суманд 40 хувь, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

 

2024 онд Монгол Улс дэд бүтэц, зам, тээврийн салбарт нийт 96 төсөл хэрэгжүүлнэ. Үүн дотроо эдийн засгийн чанартай богино эргэлтийн замуудыг тавихад голлон анхаарна. Ингэснээр таван цагираг бүхий авто зам бий болно. Экспортыг дэмжиж хилийн боомтуудыг холбох авто замуудаас гадна аймгуудыг холбосон дэд бүтцийн авто замууд үүнд багтаж байна. 

 

Ирэх оны төсвийн нэг онцлог нь Монгол Улсын Засгийн газраас хариуцсан гадаадын зээл, тусламжийн төслүүдийн олон улсын гэрээний үүргийн хүрээнд хүлээгдэж буй санхүүжилтийг төсөвт тусгаж өгчээ. Тухайлбал, Мянганы сорилын сангийн хүрээнд барьж буй Ус цэвэршүүлэх үйлдвэрийн Монголын талын санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын хэмжээнд 2024 онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 1050 төслийг хэрэгжүүлэх бөгөөд 552 нь он дамжин шилжиж хэрэгжих төсөл /1.5 их наяд төгрөг/ бол 498 төсөл /1.6 их наяд төгрөг/ нь шинээр хэрэгжүүлэх аж.

 

2024 онд эхлүүлэх дэд бүтцтйн гол төслүүд:

  • Улаанбаатар хотыг Орхон аймгийн төв Эрдэнэт хоттой шууд холбоно. 
  • Арвайхээр-Мандалговь-Чойр-Чингис хотыг холбосон автозам тавина. 
  • Дорнод аймагт БНХАУ-ын Экзим банк”-ны зээлээр 50 МВт-ын цахилгаан станцын өргөтгөл баригдаж ашиглалтад орно.
  • Аймгуудын дулааны станцууд ирэх онд ашиглалтад орж, 10 аймагт АХБ-ны зээлээр дулааны станц, цахилгаан дамжуулах шугам барина.
  • Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт эхэлнэ. 
  • Хөдөөгийн алслагдсан 191 багийн харилцаа, холбооны дэд бүтцийг холбоно.
  • “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулна.

 Төсвийн хөрөнгө оруулалтыг салбараар авч үзвэл:

  • Боловсролын салбарт 22 хувь,
  • Зам, тээврийн салбарт 18 хувь,
  • Эрүүл мэндийн салбарт 8 хувь,
  • Соёлын салбарт 5 хувь,
  • Эрчим хүчний салбарт 7 хувь нь тус тус ногдож байна.
Холбоотой мэдээ