НАТО-гийн орнууд дахь Америкийн цэргийн тоог цөөрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-12-08 09:49:22

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /TASS/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт байрлаж буй Америкийн цэргийн албан хаагчдын тоог цөөрүүлжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бичгээр мэдэгдсэнийг Цагаан ордон тус улсын хуулийн дагуу Конгрессын хоёр танхимын удирдагчдад илгээсэн байна. 


Тодруулбал, 2022 оны санхүүгийн жилд (тус улсад аравдугаар сарын 1-нээс эхэлдэг) 90 мянган цэрэг байсан бол 2023 оны санхүүгийн жилд 80 мянгад хүргэж бууруулжээ. 


“Манай холбоотнуудад дэмжлэг үзүүлэх, Оросын цаашдын түрэмгийллийг тогтоон барих зорилгоор АНУ-ын Зэвсэгт хүчний 80 мянга орчим цэргийн алба хаагчийг Европ дахь НАТО-гийн орнууд руу илгээж, байрлуулсан" гэж Америкийн удирдагч мэдэгджээ. Харин НАТО-гийн тэргүүлж буй Косово дахь тогтвортой байдлыг хангах олон улсын хүчний (KFOR) эгнээн дэх америк цэргүүдийн тоо 488-аас 578 болж нэмэгдсэн байна.


Түүнчлэн Саудын Араб дахь Америкийн цэргийн тоо 2755-аас 2088 болж буурсныг мэдэгдэлд тэмдэглэжээ. Харин Иорданд байрлаж буй цэргийн тоо 3003-аас 3188, Ливанд 36-аас 76-д хүрч нэмэгдсэн байна. 


АНУ-ын эрх баригчид Нижер улс дахь цэргийн алба хаагчдынхаа тоог 1001-ээс 648 болгож цөөлжээ. Өнгөрсөн долоодугаар сард тус улсад ерөнхийлөгчийн гвардын цэргүүд төрийн эргэлт хийсэн билээ. 


Ж.Байден мөн Кубын Гуантанамо арал дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазын шоронгийн хоригдлуудын тоо 35-аас 30 болсон гэдгийг мэдэгджээ.

Холбоотой мэдээ