Мал, тэжээвэр амьтдын улсын тооллого эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-07 13:03:46

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. 2023 оны Мал, тэжээвэр амьтдын улсын тооллого өнөөдөр эхэллээ. 


10 хоног үргэлжлэх малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой.


Түүнчлэн мал аж ахуйн чиглэлээр төрөөс үзүүлж байгаа урамшуулал, хөтөлбөрт хамрагдах суурь мэдээлэл болгох, хөрөнгийн төрөл бүрийн маргаан үүссэн тохиолдолд хуулийн байгууллагад баталгаа болгох, даатгалд хамрагдах, байгалийн гамшиг, эрсдэлд өртсөний нөхөн төлбөр авахад баталгаа, нотолгоо болгон ашиглах, Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах халамж, даатгалын хөнгөлөлт эдлэх баталгаат бүртгэл, баримт болгох, мал аж ахуйн салбарт оруулсан ажлын үр дүн, хувь нэмрээ үнэлүүлэхэд ашиглах, үндсэн мэдээлэл болгох, хөрөнгийн бүртгэлийн баталгааг бий болгосноор банк, санхүү, нийгмийн үйлчилгээнд хамрагдах, гадаад улс орнуудад зорчиход лавлагаа мэдээлэл болгон ашиглах зэрэг олон ач холбогдолтой юм.


Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байжээ. Харин 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу арванхоёрдугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай ажээ.  


Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг бөгөөд үүнээс  92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна.

Тооллогоор:

-Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт

-Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл

-Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг

-Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж

-Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт

-Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил

-Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлно.


Эргэн сануулахад, мал тооллогын 2022 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 71.1 саяд хүрсэн бөгөөд  адуу 4.8, үхэр 5.5, хонь 32.7, ямаа 27.6 сая байсан бол тэмээ 470500-д хүрсэн хэмээн тоолсон байдаг.


Мал тооллогын 2022 оны улсын хэмжээний дүнгээр 305 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, малчдын тоог нийт ажиллагчидтай харьцуулахад ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг буюу 25.8 хувь нь малчин байгаа юм.  Улсын хэмжээнд 2022 оны эцэст 941.6 мянган өрх бүртгэсний 26.4 хувь нь малтай өрх байна. Малчдын дотор 15-34 насны залуу малчдын эзлэх хувийн жин 1.1 хувиар буурч, харин 35-59 хүртэлх насныхны эзлэх хувийн жин 0.7 хувиар, 60-аас дээш тэтгэврийн насныхны эзлэх хувийн жин 0.4 хувиар өссөн байна.


Нийт малчдад залуу малчдын эзлэх хувийн жин жилээс жилд буурсаар байгаа юм. 2022 оны байдлаар нийт малчдын 95.7 хувь нь буюу 291.8 мянган малчин гар утас хэрэглэж байжээ. Мөн нийт малчдын 46.4 хувь нь буюу 141.7 мянган малчин интернэт хэрэглэж байгаа нь өмнөх оноос 32.9 мянгаар өссөн үзүүлэлт юм.

Холбоотой мэдээ