ДУНДГОВЬ: 100 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-06 11:07:15
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төв Мандалговь хотноо орчин үеийн оношилгоо, шинжилгээ хийх боломж бүрдсэн 100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орж, өчигдөр тууз хайчлах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.


Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригт болон албаны бусад хүмүүс, эмч, эмнэлгийн ажилчид,  иргэдийн төлөөлөл оролцжээ.



100 ортой эмнэлгийн барилгын ажлыг улсын төсвийн 10,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Тэнгэрийн тэмдэг” ХХК барьж, ийнхүү хүлээлгэн өгсөн. Сүүлийн жилүүдэд тус эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, компьютер томографын оношилгооны төхөөрөмж, мэдрэлийн оношилгооны тоног төхөөрөмжийн багц, “Эрүүл мэндийг дэмжих төв” болон төвлөрсөн ариутгалын тасаг байгуулах зэрэг үйл ажиллагаанд улсын болон орон нутгийн төсвөөс 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.


Ингэснээр Дундговь аймгийн иргэд илүү дэвшилтэт технологид суурилсан оношилгоог орон нутагтаа хийлгэж, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Шинэ эмнэлэгт Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эх барих эмэгтэйчүүд, Гэмтэл, мэс засал, Дотор, Хүүхэд, Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ яаралтай түргэн тусламжийн  тасаг болон эмийн сан үйлчилгээ үзүүлнэ.


2024 оны төсөвт шинэ эмнэлгийн гадна тохижилтын зураг төсөв боловсруулах, мэс заслын хагалгааны хоёр өрөөг вакуумжуулах, хавдрын хими эмчилгээг хийх, нэгдсэн угаалгын болон гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг тохижилт, засварын ажлыг улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэсэн байна.



Эмнэлгийн үйлчилгээний талаар Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригтоос тодруулахад "Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг 1941 онд байгуулагдсан. Одоо нийт 226 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Шинэ эмнэлгийн 100, хуучин эмнэлгийн 94 гээд нийт 194 ортой, 7 алба 14 тасаг нэгжтэй. Манай эмнэлгийн 166 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс 79 буюу 47,5 хувь нь эрдмийн цол, мэргэжлийн зэрэгтэй эмч нар байна.


Бид жилд дунджаар 6842 эмчлүүлэгч хэвтүүлэн эмчилж, 92,891 хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж, 810 орчим эхийг эсэн мэнд амаржуулж, 1115 орчим мэс засал эмчилгээ хийж, 4895 ойрын, 44 алсын дуудлагын тусламж үзүүлдэг.

Үндсэн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулаториор болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэхээс гадна өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг мэргэжлийн арга зүйн зөвлөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах,анагаах ухааны их дээд сургуулийн оюутны дадлага,сургалтыг удирдан зохион байгуулдаг.



Нийт суурийн давхартайгаа 7 давхар шинэ эмнэлэгт 10 тасгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эмнэлгийн дотор урсгал, хагалгааны 4 блок,төрөх өрөөний урсгал стандартын дагуу зохион байгуулж, эмнэлгээс шалтгаалах нянгийн халдвараас сэргийлэх боломжтой нөхцөл бүрдсэн. 


Эмнэлэгт хүчилтөрөгчийн ханын нэгдсэн систем Ктг аппарат суурилуулж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирлаа. Шинэ эмнэлэгтээ тархины цахилгаан бичлэг, тархины судасны допплер, дуплексийн шинжилгээ, компьютер томограф, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, хеликобактерийн эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээ, паратгормон тодорхойлох, гемодиализ эмчилгээгээр хэвлий уушгины усжилт шүүх, хэвлийн шингэнд цитологи шинжилгээ хийх, хүүхдийн мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээнд нугасны caudal зайны хориг хийх, сэтгэл засал эмчилгээ, чихны сонсголын бичлэг, тархины мэс засал, хүүхдийн зулайн эхо харах, Нянгийн тэсвэржилт үзэх зэрэг 14 төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн. 


Дундговь аймгийн 100 ортой шинэ эмнэлгийг барих шийдвэр гаргаж, хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл, зүтгэл гаргасан бүх хүмүүст талархаж байна" гэлээ.









Холбоотой мэдээ