Европын Холбоо-Хятадын дээд хэмжээний уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-12-05 09:30:43

БРЮССЕЛЬ, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /DW/. Энэ сарын 7-8-ны өдрүүдэд Хятадын нийслэл Бээжинд хотноо Европын Холбоо-Хятадын дээд хэмжээний уулзалт болно. 


Уулзалтын үеэр Европын Холбооны /ЕХ/ төлөөлөгчид геополитикийн асуудлууд, тухайлбал ОХУ-тай холбоотой асуудлууд, мөн хоёр талын харилцаа, дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Европын өндөр албан тушаалтан Брюссельд сэтгүүлчдэд мэдэгджээ.


"Геополитикийн асуудлын хэсэгт олон улсын тавцан дахь аюулгүй байдал, мөн бүс нутгийн хурцадмал байдлын талаар хэлэлцэнэ" гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, ЕХ-ны зорилго бол байлдааны ажиллагааг зогсоохын тулд Украинд болж буй үйл явдлын талаар мессеж өгөх явдал юм. "Энэ бол бидний нэн тэргүүний зорилт байх болно. Бид Хятад улсыг Орост үзүүлэх нөлөөгөө ашиглаасай гэж хүсэж байна, мөн хориг арга хэмжээг тойрон гарахтай холбоотой асуудалд Хятадын тал Орост туслаагүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй байна" гэж албаны хүн хэлэв. Хоёр өдөр үргэлжлэх уулзалтад ЕХ-ны талаас Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар оролцох аж. 


Европын төлөөлөгчид мөн Тайвань, Ази Номхон далайн бүс нутаг, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 


Хоёр талын харилцааны тухайд эдийн засаг, худалдааны харилцааг онцлон хэлэлцэх бөгөөд Европын Холбооны хувьд "Хятад дахь Европын аж ахуйн нэгжүүдийн хувьд илүү тэнцвэртэй, илүү тэгш өрсөлдөөний орчныг бий болгох, мөн илүү тэгш худалдааны урсгалтай байхыг хүсэж байгаа юм”.


Мөн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжил болон дэлхийн бусад тулгамдсан асуудлууд зэрэг дэлхий нийтийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ