Умард Солонгосын эсрэг АНУ нэмэлт хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-01 11:46:43

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /Yonhap/. Өнгөрсөн долоо хоногт тагнуулын хиймэл дагуул хөөргөснийх нь хариуд Умард Солонгосын кибер тагнуулын бүлэг болон гадаадад байрладаг найман төлөөлөгчид /агент/ хориг тавьсан тухай АНУ-ын Сангийн яам мэдэгджээ.


Тодруулбал, тус яамны Гадаад хөрөнгийн хяналтын албаны /OFAC/ хориг арга хэмжээний жагсаалтад кибер халдлага үйлдэгч KIMSUKY бүлэг болон Пёньяны үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрийг дэмжих зорилгоор хориг арга хэмжээнээс бултахад тусалсан хувь хүмүүсийг нэмж оруулсан байна. OFAC бол эдийн засгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлдэг алба юм.


Гадаад хөрөнгийн хяналтын албанаас мэдээлснээр, Умард Солонгосын тал 11 дүгээр сарын 21-нд цэргийн тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулах зорилгоор сансрын пуужин хөөргөсний хариуд Өмнөд Солонгос, Япон, Австрали улстай хамтран шинээр хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.


“Энэхүү арга хэмжээ нь орлого олох, эд материал олж авах, тагнуулын мэдээлэл цуглуулах, зэвсэг, түүнтэй холбоотой материалыг хууль бусаар экспортлоход нь Умард Солонгост саад учруулахын тулд АНУ болон гадаадын түншүүдийн зүгээс гаргаж буй олон талт хүчин чармайлтыг илтгэн харуулж байна гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.


Холбоотой мэдээ