Монголын энтрепренерүүд "Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага" сэдвээр 9 дэх жилдээ чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136@gmail.com
2023-11-30 15:23:17

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2023” энэ жил "Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага" сэдвийн хүрээнд МУИС-ийн Номын санд өнөөдөр боллоо. 


Чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачилгаар 2014 оноос 9 дэх удаагаа зохион байгуулсан юм. Энэ удаагийн чуулганаар Монгол Улс дахь ногоон бизнесийн санхүүжилтийн боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг  хөгжүүлэх боломж, стратеги  тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргүүлэх зорилготой.


МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан хэлэхдээ, “Эдийн засгийг өсгөхөд хувийн хэвшил болон бизнесийн байгууллагын үүрэг их чухал. Энтреперенерүүдийн чуулган компани, техник технологи, үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох вэ гэдэгт жил бүр ач холбогдол өгч ирсэн. Харин энэ удаагийн чуулганыг “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” гэсэн уриан дор зохион байгууллаа. Дэлхийн улс орнууд эдийн засгаа тогтвортой хөгжлийн зам руу өөрчлөх шилжилтийг хийж байна. Тухайлбал, БНСУ, Сингапур улс ногоон хөгжлийн эдийн засгийн бодлогоо тогтвортой болгож, ногоон үйлдвэрлэл, бизнесийг яаж бий болгох вэ гэдэгт ач холбогдол өгч байна. Манай улсын хувьд хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, эрчим хүч гээд байгалийн нөөц баялагт тулгуурлаж үйлдвэрлэлээ явуулдаг. ДНБ-ий 45 орчим хувь нь байгалийн нөөц баялагт тулгуурласан үйлдвэрлэл явуулж байна. Бид ийм маягаар явбал байгалийн нөөц баялгаа шавхан, цаашид яаж хөгжих вэ гэдэг том асуудал тулгарч болзошгүй. Тиймээс байгалийн нөөц баялгийг хэрхэн ашигтай зарцуулах вэ, яаж урт хугацаанд дараа үеийнхээ хөгжлийн боломжийг алдагдуулахгүй хөгжих вэ гэдэгт олон нийт анхаарал хандуулаасай. Ногоон эдийн засаг, ногоон бизнесийн ойлголт олон нийтийн дунд бага байна. Энэ чиглэлийн суурь судалгааг хөгжүүлэхэд бизнесийн байгууллагуудыг их сургуулиудтай хамтран ажиллах, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулахад энэхүү чуулганы ач холбогдол оршиж байна” гэв.


Чуулганы үеэр МУИС-ийн багш, оюутан, энтрепренерүүдийн хөгжүүлсэн Энергийн инновац-Үхрийн фермээс гаралтай ахуйн био массын хаягдлыг зөв зохистой хэрэглэх нь, органик хаягдал болон, Нэмэлт материал ашиглан био хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг ногоон шийдэл дэвшүүлсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Тус сургуулийн “Newwave” багийн  Малын хаягдал арьснаас хөрсний чийгийг удаан барих чадвартай бордооны технологийг доктор, ахлах багш Ж.Болдбаатар танилцууллаа.


Тэрбээр, “Манайд улирлын шинж чанартай малын гаралтай хаягдал их гардаг. Хавар ямааг самнасны дараа арьс нь үнэгүйддэг ч гэдэг юм уу. Ер нь л улирлын шинж чанартай болоод үйлдвэрлэлийн явцад малын арьс ширны 80 орчим хувь нь хаягддаг. Харин малын арьсанд желатин гэх уураг байдаг. Бид энэхүү уургийг ашиглан байгалийн гаралтай нэгдлүүдийг нэмж оруулаад мод үржүүлэхэд ашиглаж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Мод тарихад нийт шилжүүлэн суулгасан модны 30 орчим хувь нь үхдэг. Тэгвэл суулгацыг шилжүүлэн суулгах, хөрсөндөө дасан зохицох 3-6 сарын хугацаанд манай бүтээгдэхүүнийг ашигласнаар суулгацын амьдрах чадварыг нэмэгдүүлж ургах хувийг өсгөн“Тэрбум мод” хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх юм” гэв.


Мөн тэрбээр, МУИС-иас багш, оюутнаа дэмжих гарааны бизнесийн хөтөлбөр зарласан. Хөтөлбөрийн хүрээнд энэхүү технологийн санааг 6 дугаар сард гаргаж, өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлсэн. Энэ хугацаанд оюутнуудтайгаа хамтран технологийн шийдлээ гаргасан. Үйлдвэр байгуулахад 100-аад сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Урьдчилсан байдлаар, нийт бордооны зах зээлийн нэг хувийг эзэлнэ гэж үзэж байгаа бөгөөд 6 сарын дараагаас ашигтай ажиллах тооцоо гаргасан гэдгийг тэрбээр тодотгов.


Чуулганаас шалгарсан төслийг санхүүжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх аж. Уг чуулганд Банк, санхүүгийн байгууллагууд, Гарааны бизнес эрхлэгчид, Бодлого болосвруулагчид, Их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллагын 60 гаруй хүн оролцов.






Холбоотой мэдээ