ДОРНОГОВЬ: Өвс тэжээл, эм хэрэгсэл, шатахуунаар хангахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-30 14:27:55

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сард орсон хэдэн удаагийн цаснаар Дорноговь аймгийн нийт нутгийн 70-80 хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна.


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаанаар холбогдох албаныханд тодорхой үүрэг даалгавар өгчээ.


Тухайлбал, өвөлжилтийн нөхцөл байдал, бэлчээрийн талаарх судалгааг хийж, цаг үе, нөхцөл байдлын мэдээллийг иргэдэд хэвлэл мэдээлэл болон үүрэн холбооны мэдээлэл сүлжээ буюу мессежээр илгээх, халтиргаа гулгаа ихтэй, осол аваар үүсэж болзошгүй байгаа автозамыг цэвэрлэж, шаардлагатай бодисыг цацах ажлыг эрчимжүүлэх, мал эрүүлжүүлэх бүсэд аймгийн малчдын мал, махыг худалдан авах ажлыг зохион байгуулах, хаврын нөөцөд зориулж мах бэлтгэх ажлыг бүх суманд зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өгөв.


Өвөлжилт хүндэрснээс үүдэж цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эрсдэлийг багасгах, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, түлш зэрэг гамшгийн бэлэн байдлын нөөцийг орон нутгийн хэмжээнд тодотгож, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхийг даалгасан байна.


Дорноговь аймгийн хэмжээнд 3 сая толгой мал өвөлжиж байна.  

Холбоотой мэдээ