С.Альтманыг OpenAI-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-22 15:11:24

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /Reuters/. Америкийн OpenAI компани Сэм Альтманыг гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилох тохиролцоонд хүрсэн талаараа лхагва гарагт мэдэгдлээ. Ингэснээр хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч тус гарааны компанийн ирээдүйтэй холбоотой сунжирсан маргаан эцэс болж байна.


С.Альтман албан тушаалдаа эргэн орохоор болсноос гадна компани мөн түүнийг ажлаас нь чөлөөлсөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт оруулах зарчмын тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, Quora-гийн гүйцэтгэх захирал Адам Д'Анжело зөвлөлийн бүрэлдэхүүнд хэвээр үлдэж, Salesforce-ийн гүйцэтгэх захирал асан Брет Тэйлор, АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс нар уг зөвлөлд орохоор болжээ.  


Сэм Альтман олон нийтийн сүлжээний /хуучнаар Twitter/ хуудсандаа, OpenAI-д эргэн ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаагаа нийтэлсэн байна. Даваа гарагт OpenAI компани Twitch-ийн гүйцэтгэх захирал асан Эмметт Ширийг гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бол албан тушаалаасаа чөлөөлөгдсөн С.Альтман Microsoft компанид ажиллана гэдгээ мэдэгдээд байсан билээ. 


Түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцруулсны дараа OpenAI компанийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Илья Суцкевер зэрэг тус компанийн олон зуун ажилтан удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж, С.Альтман, Г.Брокман нарыг эргүүлэн томилохгүй бол ажлаасаа гарна гэж мэдэгдсэн байна. Уг захидалд OpenAI компанийн 700 гаруй ажилтны дийлэнх нь гарын үсэг зуржээ. 

Холбоотой мэдээ