Монгол бөхийн өргөөнд сэлэнгэчүүд брэнд бүтээгдэхүүнээ дэлгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050, “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймаг “Нээлттэй Сэлэнгэ” өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн хувьд хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн салбартай хоршин хөгжүүлж, хөрсөө хамгаалах, байгальд ээлтэй ногоон технологийг бий болгох, эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, ложистик сүлжээ бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх замаар аймаг, орон нутгийнхаа хөгжлийг хурдасгах хөгжлийн чиг хандлагыг тодорхойлжээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 1800 гаруй иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 49.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монгол бөхийн өргөөнд нээлтээ хийсэн “Нээлттэй Сэлэнгэ” өдөрлөгийн үзэсгэлэн худалдаанаас нийслэлчүүд Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой аж. Үзэсгэлэнд тус аймагт жижиг, дунд бизнес эрхэлдэг 70 гаруй аж ахуй нэгжийн 150 орчим брэндийг дэлгэсэн байна. Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш өдөрлөгийн хүрээнд улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.