ДУНДГОВЬ: “Тэгш оролцоо-хүртээмжтэй орчин” аяныг өрнүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-10 10:52:17
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг угтан Дундговь аймагт “Тэгш оролцоо-хүртээмжтэй орчин” аяныг өрнүүлж эхэллээ. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 9-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд болж, 140 гаруй иргэн оролцжээ.


Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэхүү өдрийг угтсан аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байгууллага, ажил олгогчийг шалгаруулах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн угтах ажилтныг дохионы хэлний сургалтад хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.



Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах орон тооны бус дэд салбар зөвлөлүүдээс үйл ажиллагаа, хүртээмжтэй  байдлаар нь шалгаруулах ажээ.


Дундговь аймгийн хувьд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” байгуулж, 9 дүгээр сард нээлтээ хийсэн. Тус төвийн гаргасан судалгаагаар Дундговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1415 иргэн 198 хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй эдгээр иргэдийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд цаашид тэдний эрх ашгийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэхийн тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй тогтмол хамтарч ажиллана хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолжээ.



Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлын өрөөг тохижуулахад 8,3 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын үйл ажиллагааг дэмжин “Бочигийн дэвжээ”-ний тоног төхөөрөмж худалдан авах 6,0 сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэхээр болжээ.


“Тэгш оролцоо-хүртээмжтэй орчин” аяны нээлтийн үйл ажиллагааны үеэр үйлдвэрлэл эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан төдийгүй тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч, орон нутгийнхаа баялаг бүтээгч иргэдийг дэмжихийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриалсан байна. 













Холбоотой мэдээ