ЗАВХАН: Уншсан номынхоо сургамжийг амьдралдаа хэрэгжүүлэхийг өглөөний уншигчид онцолдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-09 18:03:06

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тус аймагт соёлын бүтээлч сарын хүрээнд олон талын ажлыг соёлын байгууллагууд зохион байгуулж байна.


Үүний нэг нь Бэгзийн Явуухулангийн нэрэмжит төв номын сангаас зохион байгуулж байгаа өглөөний номын уншлага юм.


Өнөөдрийн байдлаар өглөөний номын уншлагыг нийт 7 удаа зохион байгуулж, 80 гаруй уншигч оролцсон байна. Долоо хоног бүрийн бямба гаргийн өглөө бүрийн уншлагад тус номын сангийн уншигч бүх насныхан оролцож байна.


Өглөөний уншлагын үеэр хүүхдүүд уншсан номынхоо талаар зураг зурах, тэмдэглэл хөтлөх, мөн мэргэжлийн зураачийн зургийн анхны мэдэгдэхүүн олгох хичээлд суудаг.



Зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт өглөөний уншлагад оролцож, тэдэнтэй уншсан номын талаарх харилцан яриа өрнүүлж, номыг хадгалж хамгаалах, номыг шимтэн уншихын ач холбогдлын талаар харилцан ярилцдаг.




Түүнчлэн нийгмийн бүх салбарын ажилтнуудыг хамруулсан өглөөний кофетой уншлагын үеэр уншигчид уншсан номынхаа талаарх сонирхол татсан хэсгүүдээс бусадтайгаа хуваалцаж, танин мэдэхүй, шинжлэх ухаан, хүмүүжил төлөвшил, түүхийн талаарх яриаг нэг цагийн турш өрнүүлдэг.




Мөн “Боролдой” номын дэлгүүртэй хамтран зохион байгуулсан өглөөний кофетой уншлагаар шинэ номын танилцуулга, сонирхолтой мэдээллүүдийг уншигчид хуваалцдаг болсон. Өглөөний уншлагыг зохион байгуулаад хоёр сар шахам болж байна. Цаашид өглөөний уншлагыг үргэлжлүүлэн зохион байгуулна.


Ер нь ном уншиж бид шинэ мэдлэг цогцлоож, шинэ мэдээллээр цэнэглэгдэж, шинэ бүхнийг таньдаг. Уншсан ном бүрийнхээ сургамжийг, агуулгыг бусдад төвөггүй тайлбарлаж, амьдралдаа хэрэгжүүлэхийг өглөөний уншлагад оролцогчид онцолдог.




Тиймээс таны амьдралд өөрчлөлт авчирсан ном унших арга барилаа бусадтайгаа хуваалцах. Ямар ч номоос өөрт хэрэгтэй мэдээллээ үлдээн авч, бодит давуу тал болгоход өглөөний уншлага тусална гэж Завхан аймгийн Төв номын сангаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ