ДУНДГОВЬ: "Солонгон өнгөтэй намар" тайлант өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-03 15:45:36
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын V цэцэрлэгийн Заах аргын нэгдлээс бүлгүүдийнхээ дунд “Солонгон өнгөтэй намар” үйл ажиллагааг зохион байгуулж, бяцхан хүүхдүүд энэ хичээлийн жилийн эхний 2 сард сурсан мэдсэнээ аав, ээждээ тайлагналаа.


Тус цэцэрлэг өнгөөр дамжуулан бага насны хүүхдүүдэд мэдлэг өгөх, бүтээл хийх чадварыг нэмэгдүүлэх, эцэг эхчүүдийг идэвхжүүлэх энэхүү үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.


Хүн бүр намрын өнгийг ихэвчлэн шараар төсөөлдөг бол тус цэцэрлэгийн хамт олон “солонгон өнгөтэй” байдгийг мэдэрч, түүнийг сургалтынхаа үйл ажиллагаанд ашиглан ийнхүү тэмдэглэдэг болсонд тус цэцэрлэгийн 6 бүлгийн 243 хүүхэд баяр баясгалантай хүлээн авч,  эцэг эхчүүдийн хувьд сэтгэгдэл өндөр байгааг тус цэцэрлэгийн багш нар онцолсон.


“Солонгон өнгөтэй намар” үйл ажиллагаа нэг сарын хугацаанд үргэлжилж, сүүлийн 7 хоногт хаалтаа хийн, өдөр өдрөөр хувцасны, будгийн, бөмбөлгийн, тайлант өдөрлөг зохион байгуулж, сурч мэдсэн зүйлээ эцэг эхчүүдэд тайлагнан, анги бүр өөрийн өнгөөр ангиа чимж, бүтээл урлаж, баярын ширээ засч, бяцхан хүүхдүүдээ жимсээр дайлсан юм.


Тус цэцэрлэг “Хүүхдээс хүүхдэд” хөтөлбөр хэрэгжүүлдэг ба энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийг бие биеэс нь суралцуулах зорилготой юм. Тиймээс “Солонгон намар” өдөрлөгийн хаалтын үйл ажиллагааны үеэр хүүхдүүд нөгөө ангиудаараа айлчлан, бусад ангийнхаа өнгөтэй танилцаж, хийсэн бүтээлүүдийг нь үзэж сонирхдог.


Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн зүгээс “хүүхдүүд маань маш их зүйл сурсан байна, баяр, хөөртэй, их зүйл сурсан хүүхдээдээ хараад бахархаж байна, маш сайхан баяр боллоо, сэтгэл гаргаж ажилладаг багш нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Ташрамд дурдахад, Сайнцагаан сумын 5 дугаар цэцэрлэг 1979 онд байгуулагдсан. 26 багш ажилтантай, 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан бөгөөд 243 хүүхдийг 6 бүлэгт хүлээн авч хүмүүжүүлдэг ажээ. 


















Холбоотой мэдээ