“Талын түмэн адуу” фестиваль ес дэх жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дотоодын өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагаа ес дэх жилдээ Хэнтий аймгийн Батноров суманд болох гэж байна.
Энэ сарын 17-19-нд зохион байгуулах тус фестиваль нь морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн “Талын түмэн адуу”-ны баярт 3000 орчим хүлэг оролцуулах бөгөөд адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, шургуутэмцээн, урлагийн тоглолт, сайхан морьтон хос, нийтийн бүжиг, эмнэг булгиа, удамт монгол жагсаал зэргийг зохион байгуулахаар хөтөлбөртөө тусгажээ.
“Талын түмэн адуу”-ны баяраар монголчууд хүлэг морьдынхоо өнгө зүс, ид хавыг гайхуулж морьтон эрчүүдийн “Удамт монгол” морин жагсаалыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ нь дотоодын жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилготой юм.
БОАЖЯ, Соёлын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Батноров сумын ЗДТГ, “Мөнх харилцаа” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулдаг адуун соёлыг түгээгч “Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 19-нд Батноров сумын танилцуулгаар эхэлж, “Шургуу-2023” тэмцээний сүүлийн шат болон шагнал гардуулах ёслолоор өндөрлөх юм.