Ойрхи Дорнодын асуудлаарх тогтоолын төсөлд Орос, Хятад улсууд хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-26 13:04:07

НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 26 /VoA/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд АНУ-аас өргөн барьсан Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаарх тогтоолын төсөлд Орос, Хятад улсууд хориг тавьжээ.  


Уг баримт бичигт хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд байлдааны ажиллагааг зогсоохыг уриалсан тухай Reuters агентлаг мэдээлсэн байна. Түүнчлэн ХАМАС  бүлэглэлийг зэмлэн буруушааж, барьцаалагдсан хүмүүсийг суллахыг шаардсан гэж The Wall Street Journal сонинд бичжээ. Энэ төслийг 10 улс дэмжсэн бол Бразил, Мозамбик улсууд санал өгөхөөс түдгэлзжээ. 


НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэхдээ, АНУ-ын дипломатчид уг баримт бичгийн агуулгыг тэнцвэртэй байлгаж, дэмжлэг авахын тулд ихэд чармайн ажилласан гэжээ. 


Харин Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя "АНУ-ын санал болгосон тогтооолын төсөл нь гал зогсоож чадахгүй бөгөөд Газын зурвас дахь Израилын хуурай замын ажиллагаанд нөлөөлж чадахгүй" гэж онцлон тэмдэглэсэн байна. Үүний сацуу Орос улс нэн даруй гал зогсоохыг шаардсан тогтоолын төслийг санал болгожээ. Уг төслийг 4 улс дэмжиж, 9 улс түдгэлзсэн бол АНУ, Их Британи эсэргүүцсэн санал өгчээ. Тогтоолыг батлахын тулд 9 орон дэмжсэн байх ёстой.


Ташрамд дурдахад, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд АНУ, Франц, Их Британи, ОХУ, БНХАУ хориг тавих эрхтэй байдаг.



Холбоотой мэдээ