Ирэх сард Мосул хотыг чөлөөлөхөөр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-09-20 11:54:21

ВАШИНГТОН./TASS/. Иракийн арми 10 дугаар сар гэхэд Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг явуулахад бэлэн болно гэж АНУ-ын Штабын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфорд мэдэгдлээ. Энэ хотыг “Лалын улс” бүлэглэл өөрийн нийслэл хот гэж зарлаад байгаа юм.

“Бидний хийх гол ажил бол Мосулыг чөлөөлөх ажиллагаанд шаардлагатай хүн хүч, техникийг төвлөрүүлэн бэлтгэхэд нь иракчуудад туслах явдал юм. Харин Ерөнхий сайд Хейдар Аль-Абади шийдвэр гаргах болно” гэж Америкийн генерал ярьжээ.

Иракийн Ерөнхий сайд аль-Абади даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэрээ хотыг чөлөөлөх ажиллагааг ирэх сард эхлүүлэх боломжтой гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс өмнөхөн Иракийн армийн командлал мэдэгдэхдээ, чөлөөлөх ажиллагааг 10 дугаар сарын дундуур эхлүүлж магадгүй гэж байсан юм.

Иракийн хоёрдахь том хот болох 500 мянган хүн амтай Мосулыг “Лалын улс” бүлэглэл өөрийн нийслэл хэмээн зарлаад байгаа билээ. 2014 оны 7 дугаар сард тус бүлэглэлийнхэнх хот руу дайрах үеэр засгийн газрын цэргүүд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр ухран гарсан байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, одоо Мосулд “Лалын улс”-ын 10 мянга орчим террористууд бөөгнөрөөд байгаа бололтой.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ