Домогт Майкл Жордан Америкийн хамгийн баян хүмүүсийн нэг болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар
сарын 5 /sports.ru/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/
од тамирчин, өдгөө 60 насыг шүргэж буй Майкл Жордан АНУ-ын хамгийн баян 400 хүний
жагсаалтад тамирчдын дундаас анх удаа багтжээ.
Уг жагсаалтыг дэлхийд алдартай
санхүү-эдийн засгийн сэтгүүлүүдийн нэг болох Forbes гаргадаг юм.
“Шарлотт Хорнетс” багийн хувьцаагаа саяхан худалдсан түүний хөрөнгийн хэмжээ 3 тэрбум долларт /цэвэр актив/ хүрснээр Forbes 400 жагсаалтанд орсон байна. Тэрбээр 6 дугаар сард 2 тэрбумын хөрөнгөтэй байжээ.
NBA-гийн лигт 15 улирал тоглох хугацаандаа 6 удаа аваргаар
тодорч байсан домогт Жордан 94 сая долларын орлого олсон бөгөөд 1997-1998 онуудад лигийн
хамгийн өндөр цалинтай тоглогч байв. Гэхдээ түүний орлогын ихэнх нь сагсан бөмбөгийн талбайн
гадуурх үйл ажиллагаанаас бүрдэж байлаа. Тэрбээр McDonald’s, Gatorade,
Hanes, Nike гэх мэт алдартай брэндүүдтэй хамтран ажилласнаар 2,4 тэрбум орчим
доллар олжээ.
Энэ оны 8 дугаар сард М.Жордан өөрийн эзэмшиж байсан “Шарлотт Хорнетс” сагсан бөмбөгийн багийн хувьцааны хяналтын багцыг зарснаар тун ашигтай наймаа хийж, 3 тэрбум доллартой болсон байна.
Тэрбээр 2010 онд тус клубийг дээр дурдсанаас 17 дахин бага үнээр худалдан авч байжээ.