Оросод талархалтай ханддаг нам Словакийн сонгуульд ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 1 /ВВС/. Ерөнхий сайд асан Роберт
Фицогийн удирддаг, Оросыг дэмжигч популист нам Словакийн парламентын сонгуульд
ялах нь үндсэндээ тодорхой болжээ.
Бямба гарагт болсон Үндэсний зөвлөлийн /нэг танхимт
парламент/ сонгуулийн саналын хуудасны 98
гаруй хувийг тоолсны дараах байдлаар “Чиглэл-нийгмийн ардчилал” /Smer-SSD/ гэдэг нэртэй
дээрх нам сонгогчдын 25 орчим
хувийн саналыг авчээ.
Удаад нь 16,75 хувийн санал авсан “Дэвшилтэт Словак” гэдэг либерал
үзэл баримтлалтай нам орсон бол Ерөнхий сайд асан Петер Пеллегрини-гийн удирдсан
“Дуу хоолой – нийгмийн ардчилал” нам /15,07% / гуравдугаарт бичигдсэн
байна.
Сонгуульд ялсан Smer-SSD намын дарга, Ерөнхий сайд асан Р.Фицо
2018 онд албан тушаалаасаа огцорч байсан бөгөөд энэ нь эрэн сурвалжлагч
сэтгүүлч Ян Куцьякийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахыг шаардсан олон нийтийн
эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотой байв.
Одоо тэрбээр хоёр намаас /Smer-SSD ба Дэвшилтэт Словак/ бүрдсэн
эвслийн засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэх бололтой.
Харин шинээр байгуулагдах парламентад 10 орчим улс төрийн нам суудал авах төлөвтэй
байна.
Сонгуулийн өмнөхөн Р.Фицо ярихдаа “хэрвээ манай нам засгийн
газрын бүрэлдэхүүнд орвол Украинд ямар ч зэвсэг техник нийлүүлэхгүй” гэж
мэдэгдэж байв. Түүний энэ үг Европын Холбоо ба НАТО-гийн гишүүн орнуудыг багагүй түгшээсэн бол Москвад элэгсэг ханддаг
словакчуудын дэмжлэгийг хүлээжээ.
Словак улс газар-агаар ангиллын пуужингууд, нисдэг тэргүүд, олон тооны хуягт техникийг Украинд нийлүүлж, агаарын цэргийн хүчинд байсан бүх 13 нэгж Миг-29 сөнөөгч онгоцоо хандивласан байна.