Уул уурхайн бус экспортын стратегийг боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-27 17:21:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр манай улсад “Экспортыг дэмжих төсөл” хэрэгжиж байна. 


Төслийн хүрээнд Монгол Улс Олон улсын худалдааны төв (ITC)-тэй “Монгол Улсын Үндэсний экспортын стратегийн II үе шатыг дуусгах техникийн тусламж үзүүлэх гэрээ” байгуулсан юм.


Гэрээт ажлын хүрээнд ОУХТ нь Монгол Улсын уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбарын компаниудын өрсөлдөх чадварыг үндэсний болон олон улсын түвшинд бэхжүүлэх иж бүрэн экспортын стратегийг боловсруулан ажиллаж байна. Уг стратегийн баримт бичиг нь тэргүүлэх Монгол Улсын экспортын 6 салбар болон худалдааг дэмжих 4 чиг үүргийн үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлох юм. Үндэсний экспортын стратегийг боловсруулах салбаруудад:

  • Амин дэмээр баялаг хүнс: жимсгэнэ, самар болон бусад биологийн төрөл зүйлийн ургамал (органик болон чанарын дээд зэрэглэлийн)
  • Мах, махан бүтээгдэхүүн (органик болон чанарын дээд зэрэглэлийн)
  • Арьс, ширэн эдлэл
  • Тогтвортой тансаг нэхмэл ба хувцас: ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос
  • Технологийн үйлчилгээ: мэдээллийн технологи ба дижитал үйлчилгээ
  • Орон нутагт түшиглэсэн эко аялал жуулчлал: туршлага хуримтлуулах адал явдалт аялал орж байна.


Худалдааг дэмжих чиг үүргүүдэд:

  • Худалдааг хөнгөвчлөх (Trade facilitation)
  • Худалдааны санхүүжилт, түүний хүртээмж (Access to finance)
  • Худалдааны нийцэл буюу түүнийг дагаж мөрдөх- Чанарын удирдлага (Trade compliance-Quality management)
  • Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа (Trade and investment promotion) багтаж байгаа юм.

Хэрэгжилтийн явцын талаар МҮХАҮТ-ын удирдлагууд Олон улсын худалдааны төв (ITC)-ийн ахлах зөвлөх Оливиер Марти, зөвлөх Олга Крилова нарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр ярилцлаа. 

Холбоотой мэдээ