ДУНДГОВЬ: Гүйцэтгэлийн үнэлгээгээр 8 сургууль, 8 цэцэрлэг I-IV индекстэй үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-27 15:19:02
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс 2 дахь жилдээ зохион байгуулсан багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр Дундговь аймгийн 8 сургууль, 8 цэцэрлэг I-IV түвшинд үнэлэгдлээ.


Гүйцэтгэлийн үнэлгээнд тус аймгийн 19 сургууль, 22 цэцэрлэг хамрагдаж, Ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээний аймгийн дундаж дүн 74,15 хувь, Сургуулийн өмнөх боловсролын үнэлгээний дундаж 90,87 хувьтай байна.


Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг ба сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагчид болон багш өөрөөгөө үнэлдэг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий 6 шалгуураар хэмждэг аж.


Үнэлгээгээр Дэрэн сумын Ерөнхий боловсролын сургууль 77,26 хувийн гүйцэтгэлээр I, Луус сумын Ерөнхий боловсролын сургууль 78,21 хувийн гүйцэтгэлээр II, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургууль III индексийн үнэлгээ авсан бол Гурвансайхан, Өндөршил сумын Ерөнхий боловсролын сургууль IV индекстэй үнэлэгджээ.


Цэцэрлэгүүдээс Сайнцагаан сумын 4 дүгээр цэцэрлэг I, мөн сумын 2, 3, 7 дугаар цэцэрлэг II, Дэлгэрцогт сумын цэцэрлэг III, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын цэцэрлэг IV индекстэй үнэлэгджээ. Бусад сургуулиудын хувьд энэ жил урамшуулалд хамрагдахгүй ажээ.



Холбоотой мэдээ