ЗАВХАН: Их-Уул сумын 20 өрх судалгаанд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-26 13:09:08

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г Их-Уул сумаас эхлүүлжээ.


Үндэсний Статистикийн Хорооны зүгээс Статистикийн тухай хуульд заасны дагуу “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улс, орон даяар анх удаа зохион байгуулж байгаа юм. Судалгааны нийт 20 баг бүрэлдэхүүн 21 аймаг, 9 дүүргийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон 8000 өрхөөс судалгааг авч байна.


Завхан аймгийн хувьд бүх сумаас судалгааг авахгүй бөгөөд өнөөдрийн байдлаар Их-Уул сумын Үржил багийн түүврийн аргаар сонгогдсон 20 өрх судалгаанд хамрагдсан байна. Тус аймагт судалгаа үргэлжилж байна.


“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” нь иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах. Монгол хүний амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, хүчин зүйлийг судлах. Бодлого, хөтөлбөрт боловсруулах, үнэлэхэд суурь мэдээлэл болгон ашиглах зорилготой юм.


Өөрөөр хэлбэл амьдрах орчны нөхцөл байдлаас шалтгаалж, гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.


Мөн ус хүлээн авч буй шугам хоолой аюулгүй юу, үер усны аюул тохиолдоход бэлэн байдал хангагдсан эсэх зэрэг иргэдийн амьдрах орчин нөхцөлийг судлах юм.


Харин гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах хүрээнд хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах юм гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.  


Ташрамд, дэлхийн 80 гаруй оронд зохион байгуулдаг энэхүү судалгааны асуулгыг НҮБ-ын Гэмт хэрэг мансууруулах бодистой тэмцэх газар болон Европын эдийн засгийн комиссын хамтарсан судалгааны арга зүйгээр боловсруулсан аж.


Олон улсын хэмжээнд тус судалгаагаар хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэдгээрээ өндөр ач холбогдолтойд тооцогддог байна.


 

Холбоотой мэдээ