Өнөөдөр автомашингүй өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
l.tungalag@montsame.gov.mn
2023-09-23 10:24:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарт Сүхбаатарын талбай орчимд өнөөдөр 7.00-18.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Энэ удаагийн автомашингүй өдрөөр унадаг дугуй, тавцант тэшүүр /skateboard/-ээс бусад дугуйт хэрэгсэл болох цахилгаан скүүтэр, цахилгаан унадаг дугуй /суррон мотоцикл/-н хэрэглээг хориглоно.


Мөн Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаатай холбогдуулан тухайн чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 42 чиглэлийг өөрчилсөн.


Төв талбайд соёл урлаг, спортын үйл ажиллагаа 10.00 цагаас эхэлж, дугуйн парад болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилна. 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн зохион байгуулж, цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм. Энэ үеэр иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ үзүүлнэ.


Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллана. Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн болон чих, хамар, хоолойн эмчийн үзлэг хийхээс гадна чихрийн шижин, сүрьеэгийн илрүүлэг хийж, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө.


“Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй юм байна.


Явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын стресс бухимдлыг багасгах, автомашины дуу чимээ, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой энэ өдрийг манай улс 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг. Автомашингүй өдрийг энэ жил “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулж байна.



Холбоотой мэдээ