Эмэгтэйчүүдийн квотыг баталгаажуулсан түүхэн хуулийг Энэтхэгт батлах гэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-22 11:22:36

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн парламент ба муж улсуудын ассамблейн нийт суудлын гуравны нэгийг эмэгтэйчүүдэд квотоор олгох тухай хуулийн төслийг тус улсын парламентын доод танхим баталлаа.


Тэртээ 1996 онд өргөн мэдүүлж байсан энэхүү хуулийн төсөл нь улс төрийн зарим намын эсэргүүцлийн улмаас хэдэн арван жилийн турш гацаанд ороод байсан юм. Харин лхагва гарагт парламентын доод танхим буюу Лок Сабха-гийн гишүүд олон цагийн турш ширүүн мэтгэлцсэний эцэст ерөнхийдөө санал нэгтэйгээр баталжээ. Одоо хуулийн төсөлд Ерөнхийлөгч гарын үсэг зурахаас өмнө Ражья Сабха /парламентын дээд танхим/ хэлэлцэн батлах ёстой.


Гэхдээ Энэтхэгийн хүн амын тооллогын дүнгээс ихээхэн зүйл хамаарах тул уг хууль хэрэгжиж эхлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй ажээ. Арван жил тутамд явуулдаг хүн амын тооллогыг 2021 онд явуулах ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан бөгөөд 2025 онд явуулах төлөвтэй байна.


Түүнчлэн тойргийн нийт тоог нэмэгдүүлэхийн тулд ассемблейн суудлын тооны хязгаарыг өөрчлөх гэж байгаа нь хуулийн хэрэгжилтийг хүндрүүлж болзошгүй байна. Хуулийг баталснаар ирэх онд болох бүх нийтийн сонгуульд эрх баригч Бхаратия Жаната намын байр суурь нэлээд бэхжиж магадгүй байгаа юм. 


Лхагва гарагт Ерөнхий сайд Нарендра Моди хуулийг батлахын төлөө саналаа өгсөн Лок Сабхагийн гишүүдэд талархал илэрхийлээд, улс төрийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн түүхэн хууль хэмээн тодорхойлжээ.


Доод танхимын гишүүдийн 454 нь дэмжиж, хоёр нь эсрэг санал өгснөөр хуулийн төслийг баталсан байна. Хэлэлцүүлэг ойролцоогоор найман цагийн турш үргэлжилсэн бөгөөд сөрөг хүчний хэд хэдэн гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн боловч хэрхэн хэрэгжүүлэх тал дээр санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.


Үндэсний Конгресс намын дарга асан Соня Ганди үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд хоёр, дөрөв, найм гээд хэдэн жил хүлээх ёстой  вэ?” хэмээн асуугаад, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах нь эмэгтэйчүүдийн хувьд шударга бус явдал болно гэдгийг сануулжээ.



Холбоотой мэдээ