АРХАНГАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-18 20:35:38

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдтэй уулзах уулзалтын өмнө Архангай аймагт шинээр барьж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. 


Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25.2 тэрбум төгрөгийн өртгөөр орон нутгийн “Гурван тамир” ХХК барьж байна. Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.




Одоо үйл ажиллагаа явуулж буй аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн барилга нь 1979 онд ашиглалтад орсон. 160 орны хүчин чадалтай ч өдгөө 200 гаруй ортойгоор лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй. 


Аймгийн удирдлагууд цаашид хуучин нэгдсэн эмнэлгийн барилгыг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловсруулснаа Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа гэв. Мөн тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дутагдалтай гэдгийг онцолж байлаа.


Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид шинэ суурьшлын бүс Булганхангай хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, зам талбайн тохижилтын шийдэл, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Архангай аймаг нийт 60 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулж, Булганхангай 1, 2 хороолол барьж, тохижуулахаар ажиллаж байна. Одоогоор найман байршилд 1500 айлын орон сууцны газар олголтыг хийгээд байгаа аж. Суурьшлын бүсэд нийт 2830 өрхийн 113 мянга гаруй хүн ам оршин суухаар тооцоолсон, орон сууцны хангамж 45 хувиар нэмэгдэнэ гэж үзжээ.


Өнөөгийн байдлаар аймгийн 80 гаруй хувь нь гэр хорооллын бүс байгаа аж.  



300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга шинэ суурьшлын бүс дэх эхний бүтээн байгуулалтын нэг бөгөөд Булганхангай-2 хороолол энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Тус хорооллын эхний 20 га талбайд 120 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, усан бассейн, 320 хүүхдийн сургууль, спорт заал, дотуур байр, Онцгой байдлын газар, Багш хөгжлийн төв, Прокурорын газар, Хөгжимт драмын театр, “Эм Си Эс” ХХК-ийн худалдааны агуулахын барилгууд, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хамт барьж, 63,2 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийжээ.


Булганхангай хорооллын автозам, дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цэвэр усны байгууламж, цахилгаан, дулаан хангамж зэрэг дэд бүтэц, тохижилтын ажилд нийт 18,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэв. 

Холбоотой мэдээ