“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023: Эрчим хүчний аюулгүй байдал” чуулга уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-13 08:51:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар энэ сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.


БНСУ-ын “Бан Ги Мүн” сан, Стэнфордын их сургууль хамтран “Эрчим хүчний аюулгүй байдал” сэдвээр зохион байгуулж буй чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёо, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Парк Жин, 1997 оны Физикийн Нобелийн шагналтан Стивэн Чү, Токио Их сургуулийн Ерөнхийлөгч Тэрүо Фүжии, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Ерөнхийлөгч Еүн Мии Ким нар оролцож байгаа бол УИХ-ын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун, УИХ-ын гишүүн асан, Митчел сан ТББ-ын тэргүүн А.Ундраа нар панелистаар оролцжээ.


Өнгөрсөн онд БНСУ-д зохион байгуулсан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо агуулгын хүрээнд зохион байгуулагдаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцсон юм. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилгын 5 дугаар зорилгод тусгасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургууль хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээЖендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг энэ оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.


“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын нэгдүгээр хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож, үг хэлнэ. Өнөөдөр өрнөх Хэлэлцүүлгүүд Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал, Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал, Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих, Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдийн дор болно.



Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ гэж юу вэ?

Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд Стэнфордын их сургууль, Ази, Номхон далайн бүс нутгийн эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид болон нийгмийн шинжлэх ухааны төлөөллийг багтаасан чуулган юм. Энэ яриа хэлэлцээ нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг түргэвчлэх зорилгоор шинэ судалгаа, бодлого тодорхойлогчдын хамтын ажиллагааг ахисан түвшинд авчрах зорилготой аж.

 

Тогтвортой хөгжлийн зорилго гэж юу вэ?

“Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрийг 2012 онд анх Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио Де Жанейро хотод дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан билээ. Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.


2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилгын-17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн зорилго нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. 2017 оны гуравдугаар сард НҮБ-ын Статистикийн комиссын 48-р чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байдаг.


Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад улс орнуудын төрийн ба төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэд оролцох үүрэгтэй.


Монгол Улсын хувьд улс орныхоо хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг УИХ 2015 оны 11 дүгээр сард баталсан. УИХ-ын 19 дүгээр тогтоолоор 4 бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлт бүхий “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны хоёрдугаар сард баталсан юм.

Холбоотой мэдээ