Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хичээлийн шинэ жилийн нээлтэд "Дэлхийн нийслэл Хархорум" теле хичээл зориулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-01 13:12:13
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн эхний цагийн хичээл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт видео хичээл байв. Уг видео хичээлийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан үг хэллээ.


Тэрбээр нийт хүүхэд багачууд, сурагч оюутнууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд хандан хэлсэн үгэндээ,


Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан сурагчид аа,

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, 

Хүндэт эцэг эхчүүд ээ!

Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

 

Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс оюун санаа, эрдэм ухааны эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж “эрдмийг хичээлээр сурдаг” хэмээн үр хүүхдүүдээ сургаж, хүмүүжүүлж ирсэн.  


Эзэн Чингис хаан Их Монгол Улсаа цогцлоон байгуулаад “байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй, байгуулан дуусваас багш мэргэн хүн хэрэгтэй” хэмээн айлдаж олон газрын эрдэмтэн мэргэдийг уг гарал, удам угсаа үл ялган урин залж, төр түмний их үйл хэргийг төвхнүүлэн засахад түшиг тулгуур болгож байсан түүхтэй. 


Их хааны 1220 онд зарлиг буулган байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод олон шашны сүм хийд эв найртай зэрэгцэн оршиж, эрдэмтэн мэргэд хуран чуулж, монгол хаадын ивээл дор мэдлэг ухаанаа сорин мэтгэлцэж байсан түүхтэй юм. 


Францын IX Людовик хааны элч төлөөлөгч Гийом де Рубрук “Хархорум хотыг орд харш, засаг захиргааны байшин барилгуудтай, олон улс орны элч төлөөлөгчдийн газартай, худалдаа наймааны зах, гар урлал, үйлдвэрлэлийн газруудтай олон соёлын дэлхийн хот” хэмээн магтан бичсэн байдаг.


Хархорум хот төдийгүй Хүннү гүрний Луут хот, Уйгурын Хар балгас зэрэг эртний нүүдэлчдийн байгуулсан улс гүрнүүдийн нийслэл хотууд сүндэрлэн байсан Орхон голын хөндийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо 2004 онд хүн төрөлхтний соёлын өв болохыг хүлээн зөвшөөрч, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан билээ.


ЭМонгол Улсын Ерөнхийлөгч төрт ёсныхоо үнэт өвийг бататган бэхжүүлэх, түүх соёлоо хадгалан хамгаалах, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Их Монгол Улс, Монголын Эзэнт Гүрний нийслэл Хар Хорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 оны 12 сарын 20-ний өдөр гаргасан.  


Иймд энэ удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдвээр бэлтгэсэн хичээлийг та бүхэн хүлээн авч соёрхоно уу. 


Эх орны ирээдүй болсон эрхэм хүүхэд залуучууд, хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, эрхэм хүндэт эцэг эхчүүд Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. 


Монгол хүмүүний оюун ухаан, эрдэм бүтээл эгнэгт дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна! 


Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ. 


Холбоотой мэдээ