ӨВӨРХАНГАЙ: “Эрхтэн чулуу”-г улсын чанартай авто замд холболоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-08-23 15:17:10

Арвайхээр /МОНЦАМЭ/. Хархорин суманд аймгийн хамгаалалттай таван дурсгалт газар бий. Түүний нэг болох “Эрхтэн чулуу”-ны орчныг тохижуулах ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгээд байна. 


Иргэдийн нэрлэж заншсанаар “Боов хад”-ыг 280 м хатуу хучилттай замаар улсын чанартай авто замтай холбох, 1000 м.кв авто машины зогсоол хийж тохижуулах ажлыг “Гүн чимэгтэй” ХХК гүйцэтгэжээ.


Хархорин сумын нутагт, Эрдэнэзуу хийдийн баруун урд байрлах Мэлхийт толгой уулын зүүн тийш харсан “Маамуу толгой” хэмээх жалганд байрлах уг дурсгалын домог яриаг өгүүлвээс; Эрт үед Эрдэнэзуу хийдийн Бор хонхорт суурьшин гэлүгва ёсонд суралцаж байсан лам хуврагууд сахил санваараа умартан эмс охидод татагдан харчуулын хороолол буюу Маамуу толгой руу сэм сэм гүйлдэх болжээ. Энэхүү явдлыг жигшсэн Цорж ламтан нэгэн их эрдэмт ихэс ламтанд айлтган хэрхэхийг лавлажээ. Ихэс ламтан Эрдэнэзуу хийдийн 108 суварга тойрон баруун урд уулыг хараад “өө энэ аргагүй юм байна, танай энэ ууланд Эрдэнэзуу хийд рүү харсан аманд эм савдаг амьдардаг юм байна” хэмээжээ. “Тэгээд одоо яах билээ” хэмээн Цорж ламтанг лавлахад энэ толгойн оройд “ум” үсэг бич, Маамуу толгойн жалганд нь “эр хүний эрхтэнг чулуугаар урлан тавьж дом хий” хэмээжээ. Тэгээд “Ум ам”, “Ум толгой” хэмээн нэрийдэж арга билгийн дом шившлэг хийгээд тахилгатай болго” хэмээн айлдсан гэдэг. Тэгэж ёс үйлдсэнээс хойш нөгөөх сахил санваараа умартсан залуу лам нарын явдал арилж ламын эрдэмдээ улам шамдах болсон гэдэг.


Ташрамд дурдахад, Хархорин суманд нийт 66 дурсгалт газрын 546 дурсгал Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн байдгаас улсын хамгаалалттай 8, аймгийн хамгаалалттай 5 дурсгалт газар байна. Сумаас эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, орчин нөхцөлийг үе шаттай сайжруулахыг зорьж, соёлын өвийг хамгаалах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ