“Веган фестиваль” энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ-аас зохион байгуулах “Веган фестиваль-2023” энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг фестиваль нь дэлхий дахинд 8 дугаар сарын 26-нд тэмдэглэдэг “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй хамтатган “Веган бол шийдэл” уриан дор тэмдэглэж байгаагаараа онцлог юм. Фестивалийн зорилго нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, амьтны эрх, монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчлөл, хавдараас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршил, цаашлаад хүний төрөлхтөний байгалийн эсрэг ул мөрийг бууруулах, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлын шийдэл нь веган болох тухайд хариулт өгч, энэ төрлийн мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон талт байдлаар өгөх явдал юм.
Жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж ач холбогдол нь өндөр болж буй энэ жилийн арга хэмжээг хоол хүнс, бүтээгдэхүүн, амттан, гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, байгаль орчин, органик тариалан, амьтны эрх, йог, биеийн тамир, спорт, эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд, мөн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зэрэг 30 орчим газар хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн фестивалийг урлагийн шинэлэг тоглолттой, шагналтай хөгжөөнт тоглоом, сонирхолтой зочдоор дүүрэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг уриалсан баялаг, сонирхолтой хөтөлбөртэйгөөр зохион байгуулах аж.