150 сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Дулааны 2-р станц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж засвар үйлчилгээ хийх, шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдан авахад нь зориулж банкнаас 150 сая төгрөгийн зээл авах зөвшөөрлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр гаргасан байна.
Тус станцынхан сэлбэг материал худалдан авахад 8 сая, нүрсний үнэд 10 сая, цахилгааны төлбөрт 15 сая, хоёр ширхэг инвертер худалдан авахад 15,5 сая, тээврийн хөлсөнд 20 сая гэх мэтээр 71,8 сая төгрөгийг нь зарцуулсан байна. Харин үлдсэн 78,2 сая төгрөгөөр нь ОХУ-аас экрайн хоолойны хамгаалалт худалдан авснаас гадна гурван зуухандаа засвар үйлчилгээ хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ худалдан авчээ.
“Дулааны 2-р станц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь баригдаад гурван жил болж байгаа, аймгийн төвийн хэрэглэгчдийн тодорхой хувийг хэрэгцээний халуун ус болон дулаан халаалтаар хангадаг шинэ дулааны станц юм.
Увс аймаг Б.Батхүү