Э.Сонинтогос: Монголч эрдэмтэд бол биднийг дэлхийд таниулах гүүр болдог хүмүүс

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-08-14 12:52:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын монголч эрдэмтний XII их хурал Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан энэ их хурлын “Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл” сэдэвт салбар хуралдаанд гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын 44 сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Уг салбар хуралдааны эхний өдрийн хурлыг удирдан явуулсан СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогостой ярилцлаа.


-Эрдэмтэн судлаачид Монголын соёлын салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг ярилцдаг том арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ их хуралд хэдий үеэс соёлын сэдвийг тусгайлан, онцолж хэлэлцдэг болсон юм бол?

-Монголын соёл судлал бол асар их ирээдүйтэй судалгааны нэг салбар болоод байна. Цаашид улам өргөжин тэлж, гүнзгий агуулгатай болох хандлага ч харагдаж байна. Энэ утгаараа үүний өмнөх монголч эрдэмтдийн их хурлаар соёлын сэдвийг тусдаа бие даасан том салбар хуралдаан болгон зохион байгуулах болсон юм. Энэ жил “Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл” гэсэн сэдвийн хүрээнд бид ярилцлаа. Соёл судлаач залуу эрдэмтдийг улам олон болгох, тэднийг дэмжих, энэ салбарт хийгдэж байгаа судалгаануудтай танилцахад таван жилд нэг удаа хуралдах нь арай хол, урт удаан хугацаагаар завсарлаж байна гэж үзсэн юм. Ингээд XI их хурлын үеэр хоёр жил тутамд СУИС-аас санаачлан зохион байгуулж байхаар болсон юм. Тэр хурлынхаа эхнийхийг “Монголын үнэт зүйлс” сэдвээр 2016 онд явуулж, гурван салбар хуралдаанаар 80 гаруй илтгэлийг хэлэлцүүлж байлаа. Мөн дараа нь АНУ-ын Смитсоны хүрээлэнтэй хамтарч Монголын урлаг, соёл судлалаар томоохон эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Ер нь Монголын соёл судлал бол маш өргөн агуулгаар ярих сэдэв. Тийм ч учраас бүхий л их хурлуудад тодорхой хэмжээнд орхигдуулахгүйгээр хэлэлцдэг байснаа сүүлийн их хурлуудаас голлох том салбар хуралдаан болгон зохион байгуулдаг болсон юм.


-Соёлын салбар хуралдааны илтгэлүүд, судалгаа шинжилгээний ажлуудыг ажиглахад сэдэв нь улам өргөн хүрээг хамрах болсон байна. Тухайлбал анагаах ухаан, шашны сэдэвтэй илтгэлүүд ч олон байлаа...

-Монголын соёлыг судлах эрдэмтдийн тоо нэмэгдэж, бас залуужиж байна. Судалгааны шинэ арга барил, шинэ хандлагууд бий болж байна. Үүний зэрэгцээ манай ахмад судлаачид ч сонирхолтой судалгаануудыг шинээр хийж байгаа. Энэ жил зөвхөн соёл судлалын салбар хуралдаанд л гэхэд 40 гаруй илтгэл хэлэлцүүллээ. Цөм гойд сонирхолтой байж чадсан. Соёлын салбар өөрөө маш олон салбарладаг учраас өргөн хүрээг хамарсан нэлээд судалгаатай, чамбай сайн илтгэлүүд орж ирлээ. Соёл, урлаг, анагаах ухаан, шашин, соёлын өвтэй холбоотой илтгэлүүд байх жишээтэй. Ялангуяа энэ жил Монголын уламжлалт анагаах ухааны салбарын судалгаа шинжилгээний олон бүтээл танилцуулсан нь хурлын агуулгыг нэлээд өргөн болгосон. Соёлын энэ салбар хуралдааны илтгэлүүд цөм л СУИС-ийн магистр, докторантын сургалтад, судалгааны эргэлтэд орохоор хэмжээний бүтээлүүд байсан.


Энэ салбар хуралдаанд гадаадын 10 орны эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Жишээ нь, Германы нэртэй судлаач эрдэмтэн Инес Штолпен монголчуудын нутгийн зөвлөл яг ямар байвал зохилтойг маш соргог олоод харчихсан байна. Гэтэл бид асар том сэдвээр л ярих гээд гол анзаарч байх ёстой зүйлсээ хаячихдаг юм байна. Зүй нь бол энэ мэт санаа авах, бодууштай, авууштай маш тодорхой сэдвүүдийг ярьж байх нь чухал. 


-Бидний өв соёл бол маш баялаг. Энэ баялаг өв соёлыг маань олон улсын эрдэмтэд тал талаас нь сонирхон судлах нь мэдээж чухал. Харин бид өөрсдөө юун дээр илүү анхаарах шаардлагатай гэж та үздэг вэ?

-Эрдэмтэн судлаач бүрийн тавьж байгаа илтгэлүүд монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлстэй холбогдож байгаа юм. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс гэдэг зүйл СУИС-ийн судалгааны тэргүүлэх хэсэгт нь байдаг чухал сэдэв. Манай сургуулийн эрдэмтэд 7,8 жил судалгаа хийгээд үр дүнг нь олон чиглэл салбарынхнаар үнэлүүлж, хэлэлцүүлээд Ерөнхийлөгчид өргөн бариад, зарлиг ч гаргуулсан. Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргасан санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж зарлиг гаргасан юм.


Бидний нэгэн том үнэт зүйл бол яах аргагүй нүүдэлчин ухаан. Нүүдэлчдийн мэдлэг, оюун гэдэгт олон зүйл багтаж явдаг. Хамгийн наад зах нь байгаль дэлхийгээ, цаг агаараа, тэнгэр газраа шинжихээс гадна одон зурхайн ухаан, мал аж ахуйтай холбогддог асар их мэдлэг ухааныг манай ард түмэн бүтээсэн шүү дээ. Нүүдэлчдийн уламжлалт анагаах ухаан гэж асар том зүйлийг монголчууд бүтээчихсэн. Үүнийг ойлгуулах, дэлгэрүүлэх, байгаль дэлхийн хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үетэй холбогдуулж улам нарийвчлан судлах, үүнийгээ бид хүн төрөлхтөний мэдлэг оюунд хувь нэмэр болгон оруулж өгөх, түгээн дэлгэрүүлэхэд асар их хичээх шаардлагатай. Монголчууд аль эртнээс байгальтайгаа ойр байж, байгалтайгаа амьд зүйлтэй харьцаж байгаа юм шиг хандаж, сүнслэг байдлыг ахуйдаа бий болгож ирсэн хүмүүс. Монголчуудын байгалийг эзэмшиж бус, түүнд зохицож ирсэн арга ухаан бол хүн төрөлхтөний зайлшгүй мэдэж судлах ёстой өргөн агуулгатай баялаг судлагдахуун юм. Энэ бол бидний асар том өв. Яриад барагдашгүй далай мэт сэдэв. Үүнийгээ бид олон орны эрдэмтэдтэй нийлж хамтраад, дундын судалгааны баг бий болгож, төсөл хөтөлбөрүүд хамтарч хийгээд, хойч үедээ үлдээх, дэлгэрүүлэх ёстой гэж хэлж болно. Үүнд бид өөрсдөө, манай монгол эрдэмтэд түүчээлж оролцох шаардлагатай юм.


-Монголч эрдэмтэд манайхыг судлах тусам соёлын гадаад харилцаанд асар чухал нөлөөтэй байх?

-Мэдээж. Монгол хэдэн мянган жилийн түүхтэй, ямар улс билээ. Монголын соёлыг судална гэдэг бол Монголын эерэг имижийг бүрдүүлэхэд нэмэр тус болж байгаа хэрэг шүү дээ. Ялангуяа орчин цагийн энэ хурдтай өөрчлөлтөн дунд, ийм эмзэг эрин үед манай соёлыг судлах нь асар чухал. Үүнийг л хөхиүлэн дэмжих, бодлогоор анхаарах ёстой. Эрдэмтэн судлаачдын ирээдүйн судалгааны чиг хандлага соёл урлаг руу төвлөрөх нь дамжиггүй. Манай сургууль л гэхэд дэргэдээ Соёл урлаг судлалын хүрээлэнтэй. Улсын санхүүжилт байхгүй. Үүнд илүү их анхаарч, энэ чиглэлээр судалгаа хийдэг залуусаа дэмжих, төсөл хөтөлбөрүүдэд нээлттэй оролцуулж, тэдэнд итгэл, боломж олгох нь төрийн бодлогын салшгүй нэг хэсэг нь байх ёстой.


-Гадаадын эрдэмтэн судлаачдыг нэгэн дор цуглуулаад, тэднийг дэмжих бодлого Монгол Улсад бий шүү, бид улам илүү анхаарна гэдэг итгэл төрүүлэхэд энэ их хурал гол үүрэг гүйцэтгэдэг байх?

-Монголыг судалж байгаа эрдэмтэд олширч байгаад бид үргэлж баярлаж байх ёстой юм. Бидний сайн сайхныг олж хардаг, бидний анзааралгүй орхидог зүйлсийг хүртэл цоо шинээр нээж, олж, харж, бараг биднээс илүү манай соёл урлагт дурлаж, зүрх сэтгэлээсээ хандаж яваа гадаадын судлаачид, монголч эрдэмтэд маш олон. Тэдэнд бид баярлаж талархах ёстой. Монголчуудын түүхийг судлаад, түүндээ дурлаж шимтээд, бүтээл туурвил хийгээд явдаг энэ хүмүүстээ бид онцгойлон талархаж, анхаарч хандах учиртай. Монголчуудад хайртай хүмүүсийн тоо нэмэгдэх тусам бидэнд л хэрэгтэй. Биднийг дэлхийд хүргэх гүүр болдог хүмүүс бол тэд.


Монголыг гадны эрдэмтэд олноороо судалж байгаа нь сайн хэрэг. Тэгвэл монголчууд бид өөрсдөө Монголынхоо соёлыг илүү гүнзгий судлах нь маш чухал. Гадны соёлын түрэмгийлэл хүчтэй орж ирэх боллоо. Яг энэ үед соёлын бодлогыг асар хүчтэй явуулах ёстой. Энэ утгаараа энэ их хурлын үр дүн, ач холбогдол өндөр. Өөрийн үүргээ биелүүлж чадсаар байх, үр дүнгээ өгсөөр байх арга хэмжээ гэдэгт итгэж байгаа.


-Залуу эрдэмтэд чамгүй олон болжээ. Энэ их хурлаас олж харсан бахархмаар зүйлсийн нэг нь энэ байлаа.  

-Яг тийм. Манай залуучууд түүх соёлоо их сонирхдог, судалж мэдэхээр тэмүүлдэг болжээ. Тэд маш их боловсорч байна. Гадаад хэлээр чөлөөтэй илтгэл тавьж, эрдэмтэдтэй нээлттэй харилцаж, асуух гэснээ шууд асууж, мэдэх гэснээ мэдээд авчихаж байна. Энэ бол манай соёлын сэргэлтийн нэгэн агшныг харуулж байгаа л хэрэг. Залуус илүү их хөгжиж, боловсрох байх. Тэд яваандаа Монголынхоо алт мэт соёлыг жинхэнэ утгаар нь үнэлдэг, дэлгэрүүлдэг, өвлүүлдэг мундаг хүмүүс болно шүү дээ. Монголын маань соёл судлагдахуун ихтэй, олон соёлтой харьцуулан судлах асар арвин ундаргатай.


-Бид үнэт зүйлсээрээ бахархдаг, үнэт зүйлсээ хадгалан хамгаалахад хүчин зүтгэдэг ирээдүй хойчоо бэлдэх, урамшуулан дэмжих нь зүй ёсных. Ирээдүй хойчийнхоо итгэл зүтгэлийг бий болгоход нэн шаардлагатай зүйл нь юу байх вэ?  

-Монголын соёл бусдаас илүүдээ бус, харин бусдаас онцгой өөр учраас сонирхон судлахад урамтай. Тиймдээ ч монгол судлалыг хөгжүүлэх авч явах залуус улам олон болно гэдэгт би үргэлж итгэдэг. Монголчууд бид эрхэмлэн дээдлэх үнэт  зүйлсээрээ бусад үндэстнээс ялгардаг ард түмэн. Бид олон орны үнэт үйлсийн судалгааг хийсэн. Тэгэхэд маш сонин зүй тогтол ажиглагдаж байсан л даа. Монгол хүний онцлог гэж юм байдаг юм байна. Хоёр мянган жилийн түүхтэй, эртний төрт ёстой, дэлхийн ууган мянганы хүнийг төрүүлсэн ард түмэн бол бид. Энэ бол бидний үнэт зүйл яах аргагүй мөн болж таарч байгаа юм. Үүгээрээ бидний үнэт зүйлс бусад улс үндэстнийхээс ялгаатай. Тийм ч учраас бид залуу үедээ үүнийгээ ойлгуулан таниулахад анхаарч өгвөл энэ улсын маань тусгаар тогтнолын баталгаанд үнэ цэнтэй.


Тусгаар тогтнолын баталгаа гэдэг дээр би нэг зүйлийг нэмж хэлье. Монгол хүний ирээдүйд итгэх итгэлийг батжуулж бэхжүүлэх нь чухал. Бид тусгаар тогтнолоо алдах гээд байгаа ч юм шиг тийм ойлголт бас мэр сэр гарч ирдэг. Гэхдээ тийм биш юм. Залуусын ирээдүйд итгэх итгэл суларч байгаагийн шалтгаан бол тусгаар тогтнолын баталгаагаа алдах гээд байгаад бус, харин монгол хүний үнэлгээ үнэлэмж, хуулийн өмнө хүн бүр ижил эрхтэй байх шударга ёсны хэм хэмжээ алдагдчихаад байгаатай холбоотой л асуудал юм. Тийм ч учраас шударга ёсыг тогтоох, ёс зүйтэй нийгэм байгуулах гэх мэтэд хэрхэн залуусаа манлайлах, чиглүүлэх, ахмад залуу үеийн хэлхээ холбоо зөв байлгах, ойлголцлыг бий болгоход эрдэмтэн судлаачдын хувь нэмэр их.

Холбоотой мэдээ