СҮХБААТАР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Алтан овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн ойд өргөсөн мэндчилгээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-08 11:40:56

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн ойн төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт оролцсон билээ. Ерөнхийлөгчийн монгол түмэн тэр дундаа Дарьгангачууддаа хандан хэлсэн үгийг хүргэж байна.


Тэрбээр мэндчилгээндээ, Хүндэт ард иргэдээ, элэг нэгт ахан дүүсээ, домог түүхт Дарьганга нутгийн сүлдэн их шүтээн Алтан дарь овооны тэнгэрийг тайх төрийн ёслолд нутаг нутгаас зорин ирсэн эрхэм хүндэт ард иргэд, та бүхэндээ өлзий дэмбэрэл бүрдсэн өдрийн мэндийг хүргэе.


Ухаан төгөлдөр билэг хруц өвөг дээдсэс Монголчууд бидэнд өвлөгдөн ирсэн уул овооны тэнгэрийг тайх ёслол бол эцэг тэнгэр эх дэлхийгээ шүтэн дээдэлж, хүйн холбоотой байгаль дэлхийгээ аргадан хүндэтгэж, уул ус, ургамал амьтнаа хайрлан хамгаалж, төрт улс, түмэн олноороо амар амгалан аж төрөхийн бэлгэдэлт зан үйлийн эрхэм нандин өв соёл билээ. Монголын ард түмэн, тэр дундаа зүүн  хязгаарын Дарьгангачууд нутаг усныхаа онгон шүтээн Алтан дарь овоог үеийн үед дээдлэн шүтэж ирсэн бөгөөд анх 1913 оны намрын дунд сарын гал бичин өдөр Богд хааны зрлигаар тахиж эхэлснээр төрийн тахилгатай шүтээн болж, эдүгээ 110 дахь жилдээ тахиж байна. Богд хааны зарлигаар таван жил тутамд тахидаг байсан төрийн уламжлалыг тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан 1936 онд зогсоосон боловч уул ус, газар дулхийгээ тахин шүтэж, сахин хамгаалж ирсэн манай ард түмэн тэр дундаа Дарьгангачуудын хичээл зүтгэлээр ёс уламжлалаа дахин сэргээж бат цагаан суваргаа босгож, Алтан овооны их тахилгаа хотол олноороо ёслол төгөлдөр үйлддэг болсон билээ. Өнөөдөр монгол эх орныхоо наран ургах зүгийн их шүтээн Алтан дарь уулын энгэрт уул овоо газар усны эздээ урин залж төр шашин түмэн олноороо бишрэл хүндэтгэлээ үзүүлж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлоо дээдэлж буй монголчууд бид үүх түүх зан заншлаа эрхэмлэн хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж үнэт зүйлээ бэхжүүлж байгаагийн бас нэг илрэл юм. Мөнх тэнгэртээ мөргөж, хөрст дэлхийгээ шүтэж, эх болсон байгальтайгаа эвсэн найрсаж уул ус ургамал чулуугаа амьтай эзэнтэй хэмээх өвөг дээдсийн энэ сайхан уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хөгжүүлэн баяжуулж, эх дэлхийгээ үеийн үед хайрлан хамгаалж байх учиртай. Иймээс сүүлийн жилүүдэд гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, рашаан усаа хамгаалж ундны усны эхийг сэргээх хөрс шороо, ой мод, ургамал амьтнаа хайрлан хамгаалах, сав шим ертөнцийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдсэн цогц ажлыг амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд манай ард түмэн тэр дундаа манай залуу үеийнхэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ажилд идэвхийлэн оролцож байгаад төрийн тэргүүний хувьд нэн таатай байна. Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн хэлдэг. Үүний нэг тод жишээ нь хатаж ширгээд байсан Ганга нуураа сэргээж, ганган цагаан хун шувууд нь торгон мандалдаа эргэн цугалж, цэнгэж чуулж, хөвөн наадаж, ард олныхоо мэлмийг баясгаж, сэтгэлийг сэргээж байгаа нь нэн таатай.


Миний монголын ард иргэд ээ, эрхэм хүндэт ахан дүүс ээ.  Төрт ёс түмэн олны шүтээн Алтан дарь овооны тэнгэрийг тайх төрийн тахилга ийнхүү ёслол төгөлдөр эхэлж байна. Өвөг дээдсээс сүсэглэн ирсэн Алтан дарь овооны сүр хүч, сүлд хиймор төр улс түмэн олныг минь тэтгэн ивээж, газар нутгийн эзэн тэнгэр лус савдаг буян хишгээ хайрлаж, тэнгэр заяат монгол түмнийг минь өнө мөнхөд тэтгэж өршөөл ивээлдээ багтааж байхыг их шүтээн танд сүсэглэн даатгаж байна.


Мөнх тэнгэрийн хүчин дор монгол улс мандан бадрах болтугай гэв. 

Холбоотой мэдээ