Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын засварыг ирэх 7 хоногт дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-03 08:46:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны төлөвлөгөөт зам засварын ажлын хүрээнд Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын зорчих хэсэгт яаралтай засах шаардлагатай нүхэн эвдрэл, их засварыг 15 км-т хийж, энэ сарын 10-нд дуусгана.


Мөн, Налайх-Багануур чиглэлийн 34-176 км хүртэлх 142 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг “Багануур АЗЗА” ТӨХК хариуцан, засварын ажлын 89 хувийг гүйцэтгээд байна. Энэ замд үерийн үед эвдрэл гарах магадлалтай 4 цэг бий. Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас тус хэсгийн замд багагүй эвдрэл шинээр үүссэн ч Багануур АЗЗА ТӨХК-ийнхан шуурхай засаж, цаг агаарын онцгой нөхцөлд, бэлэн байдалд ажиллаж байна. Харин Улаанбаатар хотоос 226-237км, 260-264км-т нийт 15 км авто замын их засварыг “Харгуй” ТӨХК гүйцэтгэж байна. Тус компани нь Хэнтий аймгаар дамжин өнгөрдөг 5 чиглэлийн 726,1км авто замын засвар арчлалтыг хариуцаж байгаа аж.


ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, манай улсын 21 аймаг, 90 гаруй сум Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбосон ч авто замын насжилт, даац хэтрүүлэлтээс үүдэж эвдрэл их гарч байгааг тэмдэглээд, зам засвараа чанартай хийхийг аймгуудын замын засвар, арчлалт хариуцсан АЗЗА ТӨХК -иудад үүрэг болгосныг ЗТХЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ