АРХАНГАЙ: Фатима: Швейцарьт хийсэн танилцуулгаас Монголын тухай мэдээлэл авснаар аяллаа төлөвлөсөн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн баяр наадмыг гадаадын зочид гийчид, жуулчид зорин ирж, үзэж сонирхож байна.
Тэдний нэг болох Швейцариас ирсэн жуулчин Фатима, нөхөр Оливьерын хамт Монголд анх удаа иржээ. Тэднээс монгол орны тухай болон аяллынх нь сонин сайхнаас хуваалцлаа.
-Монгол наадам үзээд ямар сэтгэгдэл төрөв. Архангай аймгийн наадмыг зорин
ирж үзэв үү, эсвэл санаандгүй үзэж таарав уу?
-Бид Монголд ирээд 10 хонож байна. Хоёр долоо хоногийн хугацаатай ирсэн. Энэ хугацаанд монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуйтай танилцлаа, олон айлаар зочиллоо. Морь унаж үзлээ. Миний нөхөр загас барьсан. Архангай аймгийн наадмын тухай ирэхээсээ өмнө мэдэж, аялалтайгаа тааруулж ирлээ. Монголын байгаль, нүүдэлчин ахуй маш их таалагдлаа. Аяллыг зохион байгуулж буй монголын компани Швейцарьт хийсэн танилцуулгаас мэдээлэл авснаар аяллаа төлөвлөсөн. Монголчууд, монгол наадам үнэхээр таалагдлаа. Сэтгэгдэл маш өндөр байна.
-Тухайн үндэстний хоол нь аяллыг улам амттай болгодог. Та нарт монгол хоол
ямар санагдав?
-Монгол хоол маш их онцлогтой, мах их хэрэглэдэг юм байна. Бид цагаан идээ
идэж үзлээ. Малчин айлд хонь, ямааны чанасан мах, хорхог, боодог идэж үзсэн.
Мөн сарлагийн мах идэж үзлээ. Сонирхолтой санагдсан. Монгол хоол орц ихтэй нь
таалагдсан.
-Манай орны юу нь та нарын сэтгэлийг хамгийн их татав?
-Хамгийн их сэтгэлийг хөдөлгөсөн зүйл гэвэл монгол хүмүүс маш тайван, уужуу
хүмүүс юм. Хоорондоо их нөхөрсөг, хүн бүр инээмсэглэж байгаа нь таалагдаж
сэтгэлийг хөдөлгөж байна.