АРХАНГАЙ: “Архангай-100” наадмыг Элчин сайд нар зорин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-07-28 15:41:02

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/.  Архангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус баяр наадмын үеэр Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нарын сэтгэгдлийг сонссон юм.


                                       Д.Ганболд: Архангай аймаг хөгжил дэвшлийн бололцоо ихтэй


Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд:

Юуны өмнө арын сайхан хангайчууддаа түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Би Архангай аймгийн уугуул. Миний аав Ч.Дамбажав Архангайн Тариат сумынх, ээж Хотонт сумынх. Аймгийнхаа 100 жилийн баяр наадамд зорьж ирлээ. Манай аймагт хөгжил дэвшлийн бололцоо их байна. Архангай аймаг цагаан идээгээрээ, тэр дундаа Хотонт сум айргаараа алдартай. Энэхүү түүхт 100 жилийнхээ амжилт бүтээлийг баталгаажуулан шинэ зууныхаа хөгжил дэвшилд зорилт тавьж, орчин үеийн техник технологи, инновацыг ашиглан аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргах, хойч үедээ байгалийн үзэсгэлэнт газруудаа хэвээр нь үлдээх, байгальд ээлтэй олон талт эдийн засгийг бий болгоход хүн бүр хичээл зүтгэл гаргаасай гэж хүсэж байна. Нутгийн зон олон минь түүхт 100 жилийн ойн баяр наадамдаа сайхан наадаарай.


                             Э.Булган90 жилийн ойгоор өмсөж байсан аавынхаа дээлээр гоёж ирлээ


Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган:

Энэ сайхан өдрийг тохиолдуулан нутгийнхаа зон олонд баярын мэнд дэвшүүлж байна. Миний хувьд Архангай аймгийн Тариат сумаар овоглож явдаг. Миний аав Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч асан, академич Б.Энхтүвшин юм. Аав маань аймгийнхаа 80, 90 жилийн ойн баярыг зохион байгуулж байсан. Харин хүү нь энэ удаа 100 жилийн ойн наадамд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Миний аав энэ дээлийг 90 жилийн ойгоор өмсөж байсан бол би бэлгэшээн өнөөдөр гоёж ирлээ. Манай аймаг хөгжил дэвшлийн хувьд агуу их нөөцийг агуулж байна. Энэ нутгаас төрийн зүтгэлтнүүд, шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтнүүд гээд олон алдартан төрөн гарсан байдаг. Энэхүү сайхан нутгийнхаа ирээдүйг гэрэлтүүлж цогцлоох их үйлсэд нь нутгийн зон олондоо амжилт хүсье.


            Ц.Нарантунгалаг: Зуун жилд нэг удаа тохиох ойдоо оролцож байгаадаа баяртай байна


Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг:

Миний аав Магваны Цэрэндорж Архангай аймгийн Цахир сумын уугуул, хөгжмийн багш хүн байсан. Миний ээж Найдангийн Дариймаа Өндөр-Улаан сумын харьяат, тухайн үеийн Ардын их хурлын депутатын гүйцэтгэх захиргаанд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Миний хувьд Архангай аймгийн төвийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Төрөлх аймгийнхаа түүхт 100 жилийн ойн баяр наадамдаа хүрэлцэн ирж, дэлгэр сайхан наадаж байна. Төрсөн нутаг Архангайдаа жил бүр ирдэг. Энэ жил 100 жилд нэг удаа тохиох ойдоо оролцож байгаадаа баяртай байна. Ойн баяр наадмын нээлтийн ажиллагаа сайхан боллоо. Наадмын нээлт аймгийн 100 жил, түүнээс ч өмнөх үеийн үүсэл хөгжлийн түүх, ахуй амьдралыг харуулсан маш сайхан найруулгатай болж, олон уран бүтээлч оролцлоо. Аймгийнхаа түүхт 100 жилийн баяр наадамдаа морь нь хурдан, бөх нь хүчтэй, сур нь мэргэн сайхан наадаарай хэмээн наадамчин олондоо ерөөе.


Холбоотой мэдээ