Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх замыг маргаашнаас хааж засварлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд ээлжит зам засварын ажил эхлээд байна.
Долоодугаар сарын 19-21-нд Сүхбаатар дүүрэгт “Дөлгөөн нуур”-ын зүүн талын замын хөдөлгөөнийг хааж хязгаарласан. Тэгвэл маргаашнаас буюу долоодугаар сарын 22-24-нд Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж засварлахаар болсныг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Мөн Сонгинхайрхан дүүрэг 23 дугаар хороо Толгойтын авто
замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажлын хүрээнд хийх авто машины туннел байгуулах ажлыг энэ оны долоодугаар сарын 23-ны 07.00 цагаас есдүгээр сарын 15-ны өдрийн 06.00 цагийн хооронд гүйцэтгэх тул тус хэсгийн авто замыг хаахаар болжээ.
Нийслэлийн авто замын 38.2 хувийг шинэчлэх шаардлагатай байгаа тооцоо гарчээ.
Зам засварын ажил нь
тухайн замын хийц болон ашиглалтын хугацаа зэргээс шалтгаалж, ойролцоогоор 4-6
жилд ээлжит засварыг хийдэг талаар нийслэлийн зам засвар, арчлалтын инженер Б.Ганбат
тодотгож байна. Нийслэлийн зарим замын засвар шинэчлэл хийх хугацаа 6-7 жил
хэтрээд байгаа аж.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 13 замын ээлжит засварыг хийсэн бол энэ жил 16 замыг засварлах төсөв, төлөвлөгөөтэй байна. Харин урсгал зам засварын ажил энэ жил 60 гаруй хувьтай байна. Нийслэлийн авто замын 38.2 хувийг шинэчлэх шаардлагатай байгаа тооцоо гарчээ.
Улаанбаатар хотын засварлах шаардлагатай байгаа замуудыг сургууль, хичээл эхлэхээс өмнө, иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг 9 дүгээр сарын 1-нээс наана хийж буйг холбогдох албаныхан хэлж байна.