Өмнөд солонгосчууд засгийн газраа шүүмжилж байна

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-09-14 11:13:12

СӨҮЛ. /Reuters/. Даваа гарагт газар хөлдөлт болсонтой холбогдуулан шуурхай хариу арга хэмжээ авахгүй байна гэж Өмнөд Солонгосын ард иргэд засгийн газраа шүүмжилж байна.

Даваа гарагийн оройн 7:44 цагт Умард Кёнсан аймгийн Кёнжу хотод 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бол 8:32 цагт тус хотоос холгүй орших газарт 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр, хоёр дахь чичирхийлэл нь 1978 оноос газар хөдлөлтийн талаарх мэдээ мэдээллийг бүртгэж, ажиглалт хийж эхэлснээс хойш тус улсын түүхэнд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм.

Тус улсын Олон нийтийн аюулгүй байдал ба улсыг аюулаас хамгаалах яамны мэдэгдэлд “газар хөдлөлтийн улмаас 14 хүн гэмтэж бэртсэн. Мөн газар хөдлөлтийн улмаас эд материалын хохирол учирсан гэх 640 гаруй мэдээлэл бүртгэгдээд байна. Тухайлбал, ус дамжуулах хоолой гэмтсэн, барилгын хана, тааз хэсэгчлэн эвдэрч цуурсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн” гэжээ.

Газар хөдлөлтийн талаар хангалттай мэдээлэл өгөхгүй байна гэж засгийн газраа шүүмжлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Гамшиг болсноос хэдэн цагийн дараа тус яамны цахим хуудас ачааллаа дийлэхгүй хаагджээ.

Мягмар гарагт Ерөнхийлөгч Пак Гын Хэ ажлын хэсгийн уулзалтын үеэр “бид энэ газар хөдлөлтөөс сургамж авах хэрэгтэй” гэсэн юм. Мөн тэрбээр “атомын цахилгаан станцууд болон бусад газарт гамшгийн үеийн бэлэн байдлыг сайтар шалгахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон" гэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ