Уур амьсгалын өөрчлөлт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-07-06 12:02:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй мэдрэгдэх болсноор хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байдал ихэссээр байна.


Уур амьсгалын, цаг агаарын өөрчлөлтийг хүний эрүүл мэндээс тусад нь салган авч үзэх боломжгүй гэдгийг эрдэмтэн, судлаач, эмч нар хэлж байна. Тиймээс дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө гарган ажиллаж буйг Монгол дахь Америкийн Соёл, мэдээлэл болон Америкийн Монгол Судлалын төвөөс ЭМЯ, НЭМҮТ-тэй хамттран зохион байгуулсан уулзалт ярилцлагын үеэр мэдээллээ.


Цаг уурын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар хийсэн хандалтын судалгаагаар иргэд энэ талын мэдээлэлтэй байгаа гарчээ. Гэхдээ өөрчлөлт өөрийн биед тулгарч нөлөөлөхөөс нааш хайхрамжгүй байдлаар хүлээн авч ханддаг байна. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орж буй бороо, үерийн үеэр гэдэс гүйлгэж өвдөхөд л цаг уурын хүчин зүйлийн нөлөөллийг мэдэхээс бус аяндаа тэр бүр их нөлөөлж буйг мэдэхгүй өнгөрч байгааг мэргэжилтнүүд хэллээ. Гэтэл дулаарлаас үүдэлтэй хэт халалт зэрэг нь хүний даралт зүрх судасны эрхтэн системд нөлөөлж харвах зэрэг эрсдэлд хүргэж байна.


Тодруулбал, цаг уурын өөрчлөлт хүний эрүүл мэндэд амьсгалын замын өвчлөл, зүрх судасны болон хоол боловсруулах зам зэргээр олон янз байдлаар нөлөөлж өвчлөл үүсгэн нэмэгдүүлж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал байгааг "Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл" дугуй ширээний ярилцлагаар хэлэлцлээ. Энэ талын судалгааг хийж эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал байгааг АНУ-ын эрүүл мэндийн мэргэжилтэн Роберт Байрон онцлон хэллээ.


Манай улсад сүүлийн 80 гаруй жилд цаг агаар 2.4 градусаар дулаарч, хур тунадасны давтамж, хэмжээ багасчээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт олон улсын хамтын ажиллагааны зөвлөх, доктор З.Батжаргал хэлэхдээ, “Хүйтэн агаарын Сибир, Хойд Америк, Монгол зэрэг угаасаа хүйтэн байдаг бүс нутгийн нутагт агаарын температур нэмэгдсээр байгаа” гээд, энэ бол зөвхөн Монголд гарч буй өөрчлөлт биш. Монгол орны хувьд нийгэм, эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуй нүүдлийн бэлчээрээ шүтсэн байдлаар, газар тариаланд усалгаа сайн хөгжөөгүй байгаа зэрэг байдал нь цаг уурын өөрчлөлтөд эмзэг болоод буйг тэмдэглэн хэлж байна.

Холбоотой мэдээ