Ургац хураалтын бэлтгэлийг хангаж ажиллахыг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-05 16:19:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун энэ оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцуулав.


Үүнтэй холбогдуулан ургац хураалтын бэлтгэл ажлыг эртнээс хангах, тариалангийн талбайн хөрс хамгаалах, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.


Энэ жилийн дөрөв, тавдугаар сард хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урд жилүүдээс хожуу эхэлж, тавдугаар сарын 15-наас жигдэрчээ.


Урьдчилсан байдлаар 334.7 мянган га талбайд улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийт 580.6 мянган га талбайд тариалалт хийгээд байна. 


Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га-гаар нэмэгджээ.


Нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбайн хээрийн соёололт сайн үнэлгээтэй байна. Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна. 

Холбоотой мэдээ