Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаас Улаанбаатарын тунхаглал гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад хэргийн эмэгтэй
сайд нарын уулзалт манай улсад анх удаа болж байна. Уулзалтаар уур амьсгалын
өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх
үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн гурван үндсэн асуудлыг хэлэлцэж
байна.
Хэлэлцэж буй асуудал болон оролцогчдын талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэнгээс тодруулав.
-Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Монголд зохион байгуулах санал санаачилга анх хэзээ, юунаас үүдэн гарсан бэ?
-Дэлхийд Гадаад хэргийн 40
гаруй эмэгтэй сайд байдаг. Эмэгтэй сайдууд НҮБ-ын олон улсын бусад байгууллагын
хуралдааны үеэр уулздаг уламжлал олон жил тогтож ирсэн. Олон улсын хурал, арга
хэмжээнээс тусдаа зохион байгуулсан уулзалт цөөн байв. Энэ
удаагийн уулзалтыг дангаар нь зохион байгуулж байна. Тэр дундаа Ази тивд, Монгол Улс анх удаа
зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Уулзалтын зочид төлөөлөгчдийг авч үзэхэд Ази, Европ, Африк зэрэг тив тивийн өргөн хүрээний төлөөлөгчид оролцож байна. Тухайлбал, уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок, Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна нар биечлэн оролцож байна.
Түүнчлэн Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор, Австралийн Холбооны Улсын Жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд С.Кэмпбэлл, Бүгд Найрамдах Мозамбик Улсын Элчин сайд Ана Немба Уаине болон Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэргийн асуудал эрхэлсэн захирал С.Оюун, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хэмилтон, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмид нар оролцож байна.
Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн болон феминист чиг баримжаатай гадаад бодлого
хэрэгжүүлдэг Андоррын Хант улс,
БНАСАУ, Перу, БНСУ, Люксембургийн Их Гүнт улс, Нидерландын Хаант Улс, Монакогийн Хант улс, Шинэ Зеланд, Япон зэрэг 10 гаруй орны төлөөлөгчид цахимаар оролцож байна.
-Уулзалтаар феминист
гадаад бодлого гэсэн агуулга ойлголт бүхий нэр томьёог нэлээн хөндөж байна. Энэ
талаар болон хэлэлцэж буй сэдвийн талаар тодруулна уу?
-Нийтлэг тулгамдаж буй асуудлыг авч үзэхэд оролцож буй улс орнууд бүгд НҮБ-аас дэвшүүлэн тавьсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг хөндөж, чуулга уулзалт хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, улс орнууд-дэлхий нитйийн аюулгүй байдлын асуудал дээр төвлөрч байна. Эдгээрийг хэлэлцэж, гарц шийдлийн талаар ярилцахаар цуглараад байна.
Уулзалтын үр дүнд Улаанбаатарын тунхаглал баримт
бичгийг гаргахаар төлөвлөж байна. Энэхүү албан бичгийг Монгол Улс гадаад харилцааны
бодлогодоо баримтална.
Уулзалтаар яригдаж буй феминист гадаад бодлогын хувьд анх Сканиданивын орнуудаас гарч ирсэн үзэл баримтлал. Улмаар Европын улс орнуудад түгэж гадаад бодлогоо тодорхойлон тусгаж ирсэн, харьцангуй шинэ ойлголт юм.
Манай улсын хувьд энэ талаар гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой заасан зүйлгүй ч Монгол Улс феминист гадаад бодлогын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй хэмээн хэлж болно. Энэ нь улс төр, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангана гэсэн Монгол Улсын бодлоготой уялдаж байгаа.