Умард Солонгост үерийн хор уршгийг арилгах ажил өрнөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-12 15:19:00

ПХЕНЬЯН. /TASS/. Өнөөдөр Умард Солонгосын бүх сонинуудад нийтлэгдсэн Солонгосын Хөдөлмөрийн намын мэдэгдэлд “Хамген-Пукто мужид болсон үерийн хор хөнөөлийг арилгахад идэвхтэй оролцох”-ыг нийт иргэдэд хандан уриалжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, үерийн улмаас 133 хүн амиа алдаж, 395 хүн сураггүй алга болсон байна. Наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 2-ныг хүртэлх хугацаанд Хамген-Пукто мужид 290-320 мм хур тунадас унаж, Түмэн /Туманган/ гол эргээсээ хальжээ. Гамшгийн бүсээс 44 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Тус улсын Цаг уурын албаны үзэж байгаагаар “Хамген-Пукто-д болсон үер нь 1945 оноос хойш болсон хамгийн том байгалийн гамшиг ажээ. Энэ мужид олон арван мянган байшин барилга эвдрэн нурж, тээврийн болон эрчим хүчний систем, үйлдвэр аж ахуйн газрууд болон тариалангийн талбайд асар их хохирол учирсан байна.

Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг /КСNA/-ийн мэдээлснээр, Пхеньян дахь олон давхар орон сууцны барилгуудыг барихад оролцсон барилгын бригадууд болон Солонгосын Ардын армийн анги нэгтгэлүүд сэргээн босголтын ажилд оролцож байгаа ажээ.

Гамшгийн хор уршгийг арилгахад Пхеньянд төлөөлөгчийн газар бүхий ДЭМБ, Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо тусламж үзүүлж байна.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ