Испаниас тусгаар тогтнох хүсэлтэй хэдэн зуун мянган хүн Каталонид жагсав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАДРИД./ВВС/.Испанийн Каталони мужийн Барселона хот болон бусад хотуудад Испаниас салж, тусгаар тогтнох эрмэлзлээ илэрхийлсэн 800 мянга орчим хүн өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан жагсаалд оролцжээ.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, Испанийн зүүн хойд нутгийн Каталони мужийн төв Барселона хотод 540 мянган хүн жагсаалд оролцсон байна.
Гэхдээ өнгөрсөн онд болсон жагсаалынхтай харьцуулахад энэ оны жагсаалд оролцогчдын тоо эрс цөөрчээ. Өнгөрсөн онд зөвхөн Барселона хотод л гэхэд 1.4 сая хүн жагсаж байжээ.
Каталонийг тусгаар тогтносон улс болгох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах гэсэн оролдлогуудыг Испанийн эрх баригчид зогсоосоор ирсэн юм.
Тус мужийн үндсэрхэг үзэлтнүүд 2014 оны 11 дүгээр сард албан ёсны бус бүх нийтийн санал асуулга явуулахад түүнд оролцогчдын 80 хувь нь тусгаар тогтнохыг дэмжиж байжээ.
Өчигдөр "Diada" буюу Каталонийн үндэсний баярын өдөр болжээ. Энэ нь 1714 онд Испанийн хаан ширээний төлөөх дайнд V Филип хааны цэргүүдэд Барселона хот бууж өгсөн өдөрт зориулсан баяр аж.
Испанийн нийт хүн амын 16 хувь нь буюу 7.5 сая хүн Каталони мужид амьдардаг бөгөөд ДНБ-ий бараг 19 хувийг энэ муж дангаараа бүрдүүлдэг байна.
Г.Доржханд