ЗАВХАН: Хог шатаах дунд оврын зуухыг сумдад хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-07 19:21:26

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн 8 суманд хог хаягдал шатаах зориулалтын дунд оврын зуухыг хүлээлгэн өгч, суурилуулжээ.

Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр болон 10 тоннын хүчин чадалтай зуухыг найман суманд хүлээлгэн өгсөн.

Тухайлбал хүн ам ихтэй, Улиастай, Тосонцэнгэл суманд 10 тонн, Отгон, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Тэс, Цагаанхайрхан, Сонгино суманд хоёр тоннын хүчин чадалтай зуухыг суурилуулаад байна.

Өдөртөө хоёр болон 10 тонн хог хаягдлыг шатаах хүчин чадалтай эдгээр зуухуудыг ашиглаж эхэлснээр байгальд хаягдах хог хаягдлын хэмжээ буурах юм. Эдгээр бага оврын зуухны ашиглалтыг тухайн сум нь хариуцаж ажиллах юм гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 


Ташрамд аймгийн төв Улиастай сум гэхэд 1988 оноос хойш 7,5 га талбайд хог хаягдлаа төвлөрүүлсэн. Энд өдөрт 100 гаруй шоо метр хог хаядаг. Зуны улиралд барилгын ажил ихсэх үед хог хаягдал их гардаг бөгөөд харуул, сахиулгүй үед иргэд дураараа талбайн гадна хогоо асгадаг байна. Айл өрх, уурын зуухнууд үнс нурмаа асгаснаас хог байнга шатааж, эргэн тойрон өмхий үнэрээр дүүрдэг аж. Гэсэн хэдий ч Улиастай сумын Хот тохижилтын алба өдөр бүр нэгдсэн цэгт ирсэн хог хаягдлыг дарж булшлах, тэгшлэх ажлыг хийдэг байна.


Ийнхүү өнгөрсөн хугацаанд хогийн цэгийн хогийг түрж тэгшлэхээс өөр үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүй байжээ. Харин одоо бага оврын шатаах зуухтай болсноор өдөртөө 10 тонн хог хаягдлыг байгальд дарж булшлахгүйгээр шатаах бүрэн боломжтой болжээ.

 

Холбоотой мэдээ